ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Морь бол төр юм

O.Admin
2 цагийн өмнө

Дэлхий дахин хурцадмал, ар араасаа ширүүсч буй дайн байлдааны нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн олон ч улс орон эдийн засгийн хямралд бэлтгэж, нефтийн бүтээгдэхүүний хомсдолоос үүдэн зарим өдрөө бүх нийтээрээ ажиллахгүй байх, цахилгаан машин унах, болж өгвөл нийтийн тээвэр ашиглах гэх мэтээр хямралд бэлтгэж эхлээд байгаа. Бараа бүтээгдэхүүний экспорт, импортын нөхцлөөс шалтгаалан өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт ч улс орнуудын толгойн өвчин болоод байна.

Саяхан л Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж, дараа нь Шадар сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийхдээ “Монгол Улс энэ хямралд бэлэн байх ёстой. Дизель түлшний үнэ өсөх нь тодорхой болсон. Цаашдаа ОХУ үнээ нэмчихвэл удаан хугацаанд үнийг тогтвортой барих боломжгүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй гэсэн баталгаа ч алга. Тиймээс иргэд та бүхэн дор бүрнээ хямралд бэлтгэж, шаардлагатай биш л бол том хэмжээний зээл авахгүй байх зэргээр хувийн санхүүдээ хяналттай хандаарай” хэмээж байв. Монгол Улсын Ерөнхий сайдаар залуу улстөрч Н.Учрал сонгогдсоныхоо дараа дампуурлын ирмэгт ирсэн буюу татвараа төлж чадахгүйд хүрсэн 12 мянга гаруй аж ахуйн нэгжийн дансыг сарын хугацаатай нээсэн. Энэ дунд 390 гаруй аж ахуйн нэгж шүүхийн шатанд шилжсэн буюу дампуурлаа зарлах хэмжээнд очсон гэх мэдээлэл өгсөн билээ.

Өнөөдөр жижигхэн тойрог дотроо болгож бүтээгээд байгаа мэт боловч хойд хормойгоороо урдахаа нөхөөд л амьдарч байгаа нь үнэн. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням гэхэд л хэдхэн өдрийн өмнө ОХУ руу томилолт өвөртлөн очиж, Ерөнхий сайдын албан захидлыг дамжуулсны үр дүнд тавдугаар сардаа ямар ч байсан дизель түлш нэмэгдэхгүй гэдэг сайн мэдээтэй ирэв. Гэхдээ энэ бүхэн хэдэн сар жил үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй. Төрийн бүх шатандаа хэмнэлт хэрэгжүүлж, үргүй зардлыг танаж, гадаад дотоод томилолтыг хүртэл цуцалчихаад байхад энэ бүх хямрал, дайн байлдаан огт нөлөөлөхгүй ганцхан хүн л энэ улсад байгаа нь Ерөнхийлөгч гэчихвэл шүүмжилсэн болохгүй биз ээ. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч оны зургаадугаар сарын 03-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганы индрээс Монгол Улс “Дэлхийн адууны өдөр”-тэй болох тогтоолыг санаачиллаа хэмээн мэдэгдсэн билээ.

Хүн төрөлхтөний түүхэнд нэн ялангуяа Монгол Улсын туг сүлд, бэлгэдэл, дайн байлдааны үед монгол адууны оруулсан хувь нэмрийг хэн ч үгүйсгэхгүй. Тиймдээ ч хүлэг морио дээдэлж буй төрийн тэргүүний үг, үйлдлийг эсэргүүцэх шалтгаан бас алга. Гэхдээ НҮБ-аас энэхүү тогтоолыг дэмжсэний дараа жил бүрийн долдугаар сарын 11-нийг “Дэлхийн адууны өдөр” хэмээн нэрлэж, өнөө жилийн улсын баяр наадамтай зэрэгцэн 10.000 морьтон оролцсон томоохон арга хэмжээг Хүй долоон худагт хийхээр төлөвлөжээ. Дэлхийн маш олон орны жуулчид зорин ирэх энэхүү том арга хэмжээг хийхэд Монгол Улс хэдий хэр хэмжээний зардал гаргах, сурталчилгаанд хэдийг зарцуулах нь одоогоор тодорхой бус байгаа. Юутай ч нийслэлээс энэ өдрийн арга хэмжээнд гурван тэрбумыг зарцуулахаар төсвөө баталчихсан нь тодорхой болсон. 

Нэмээд энэ өдөрт зориулан Вьетнам улсын Засгийн газраас тус улсад цэрэг, цагдаагийн хүчинд алба хааж, тэтгэвэрт гарсан 15 монгол морийг эх оронд буцаан авчрахаар болжээ. Морьдыг ирэх тавдугаар сарын сүүлчээр авчрах аж. Энэ зардал хаанаас гарч байгааг тодруулах нь сэтгүүлзүйн үүрэг мөн байлтай. Гэтэл өчигдрөөс эхлэн монгол мориндоо “Улсын баатар” цол олгоё хэмээн зарим нэг нь хийрхэж эхлэх нь тэр. Энэ улсад мориноос чухал асуудал уг нь мянга, түм баймаар. Ахмадууд нь 10 мянган төгрөгөөр тэтгэврээ нэмүүлэхийн тулд өдөр бүр жагсаж цуглаж байна. Эмч, багш нарынхаа цалинг тавихын тулд хөрөнгө оруулалтаа гацааж байгаад мөнгөө оллоо.

Дампуурсан аж ахуйн нэгжүүдээ хөл дээр нь босгохын тулд гадна дотноос гуйлга, түүлгэ болж, захидал хүртэл бичиж аргаа барж явна. Мөнгө хаанаас олох вэ, хямрал ирвэл хэрхэн гэтэлгэх вэ гэдэг нь бидний толгой өвдөх ёстой сэдэв мөнөөсөө мөн. Гэтэл 10 мянгаар нь адуу цуглуулж хийрхэж, “Улсын баатар” цол олгоё гэж дэмийрч, тэтгэвэрт гарсан адууг гаднаас цуглуулж пиардаж суух нь хэр зүй зохистой үйлдэл вэ. УИХ-ын чуулган нь хүртэл хийх ажилгүй болчихсон, адууны баярт хэдийг төсөвлөхөө яриад сууна байна гэдэг арай дэндүү доромжилсон үйлдэл бус уу. Тэр тусмаа эдийн засгийн ийм хэцүү цаг үед шүү. “Аялал жуулчлал дагаж сэргээд гаргасан санхүүгээ олчихно, битгий дэмийр” гэж олон хүн хэлэх байх. Гэвч араас нь НҮБ-ын байгаль орчны “COP17” гэх том арга хэмжээ Монголд хийгдэнэ.

Үүний төсөв санхүү, зарлага бол хэрээс хэтэрчихсэн. Туйлдсан эдийн засагтай, түүхий нүүрс гаргахаас өөр олох мөнгөгүй энэ улс дэлхийн хэмжээний, НҮБ-ын хоёр том арга хэмжээг ар, араас нь хийх санхүүгийн бядтай билүү гэдгээ бодож үзмээр санагдах юм. Үнэхээр л тэгж хэнд ч хамаагүй “Улсын баатар” цол олгомоор байдаг бол эдийн засгийг нуруундаа үүрч яваа ямаанд, энэ улсын иргэдийг хоолтой байлгаж байгаа үхэр, хонинд ч гэсэн баатар цол олгоё, Ерөнхийлөгч өө. Аливаа зүйлс жаахан хэмжээ хязгаартай байхсан. Ах дүүгээрээ нийлж тэнэглэхгүй байхсан. Улсын эцэг юм бол эцэг шиг сэтгэж, эхлээд туйлдсан иргэдийнхээ амьдралыг бодож үзээд дараа нь баян цатгалан улс болсныхоо дараа адуундаа баяр хийнэ үү, ямаандаа баатар өгнө үү гэдэг нь маньд ч хамаагүй асуудал. Төрөөр нь дүүрэн манлай уяачид суучихсан энэ цөвүүн цагт “морь бол төр болжээ” гэчихвэл доромжилсон болохгүй биз. Монгол хүний үнэ цэн нэгэн цагт ямаанаас дор байсан бол одоо морьноос дор үнэлэгдэж байна даа. 

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин