ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Мандуул: Налайх дүүрэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санхүүжилт 50 хувиар буурсан

O.Admin
2 цагийн өмнө

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь есөн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс ирсэн тухайн жилийн хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, түүнд зарцуулагдах төсвийн саналын дагуу санхүүжилтийг нь баталдаг билээ. Харин тухайн төсвийг захиран зарцуулах эрх Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд байхгүй бөгөөд дүүргүүдийн хэмжээнд хэрэгжүүлж буй ажлыг бодлогоор хангаж, хяналт тавьж ажилладаг байна. Иймд НИТХ-ын дарга А.Баяр дүүргүүдийг дээрх санхүүжилтийн хүрээнд хийсэн ажлынхаа талаар олон нийтэд бодит мэдээлэл өгөхийг хүслээ.

Тухайлбал, Налайх дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга Н.Мандуул төсөвт тусгагдсан санхүүжилтээр гэмт хэргийг бууруулах хүрээнд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

Налайх дүүрэгт гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт таван зорилт бүхий 37 арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд 262 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд өмнөх жилүүдээс даруй 50 хувь бууруулж олгосон дүн юм. Налайх дүүрэг дээрх санхүүжилтийн хүрээнд Камерын хяналтын төвийг бүрэн тохижуулж, дүүргийн гудамж талбай, зам, гэр хороолол, хогийн цэг зэргийг бүрэн камержуулжээ. Үүний үр дүнд гэмт хэргийн гаралт буурахаас гадна гал түймрийн дуудлага багассан байна. Үүнээс гадна НИТХ-ын дарга А.Баяр мэдээлэл хийх үеэрээ Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс шаардагдах санхүүжилтыг нийслэлийн прокурор, цагдаа, тагнуул, онцгой зэрэг 33 байгууллагад баталж өгснөөр гэмт хэргийн гаралт 15 хувиар буурсан. Хулгайн гэмт хэрэг 32 хувиар буурсан талаар онцолсон юм.