Гурилын импортын татварыг эргэн сэргээх асуудлыг хуульчлан ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр оруулж ирсэн нь чуулганы дэмжлэгийг авч чадсангүй.
Жилийн өмнө гаргасан хуулиа эргүүлэн өөрчлөх шаардлага байхгүй гэж парламентын олонх нь үзсэн юм. Гурил үйлдвэрлэгчдийн дунд монопол тогтож үнээ үгсэн хуйвалдаж өсгөх магадлалтай гэж гишүүдийн олонх үзсэнээс Ж.Энхбаяр сайдын зүтгүүлсэн импортын гурилыг татвартай болгох асуудал дэмжигдсэнгүй.
Тэгвэл УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Дөнгөж сая УИХ-аас Монгол Улсын хөдөө аж ахуй түүний тулгуур болсон газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийн түүхэнд хараар бичигдэх хууль баталлаа. Улаанбуудай, үр тариан үйлдвэрлэл явуулах шаардлагагүй гэсэн хууль гэсэн үг. Үндэсний аюулгүй байдалд ноцтой харш шийдвэр гэж салбарын сайдын хувьд үзэж байгаа.
УИХ-ын дарга өөрийн санаачилгаар унагах ажлыг санаачиллаа. Газар тариалангийн үйлдвэрлэл, хаврын тариалалт ид явж байгаа үед дотоодод гурил үйлдвэрлэх шаардлагагүй, импортоор хангана гэдэг хууль баталж байна. Өнгөрсөн парламентаар баталсан хуулиас үүдэн Монгол Улсад гурил үйлдвэрлэгчид багасч, тариалалт эрс багассан. Олон жил доллароор гаднаас гурил, малын тэжээл авдаг болчихлоо. Үүнийг засаж залруулахыг хүссэн ч дийлсэнгүй. Хүнсний хангамж маш ноцтой асуудалд орсон. Ерөнхийлөгч нь хүртэл хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн хуулийг баталж, “Хүнсний хувьсгал” төслийг хэрэгжүүлж байгааг та бүхэн мэднэ. Үүний үр дүнд газар тариалангийн салбар сэргэж, гурил үйлдвэрлэгчид эргээд хөл дээрээ босож чадсан.
Газар тариалан хөгжинө гэдэг хүнсний салбар өндийнө гэсэн үг. Засгийн газар “Атрын IV” аяныг санаачлаад явж байна. Гэтэл УИХ нь улаанбуудайг тариулахгүй байх шийдвэр гаргалаа. Ийм шийдвэр 1990-ээд оны дундуур нэг гарсан. Үр дүнд нь газар тариалангийн салбар уналтад орж, сангийн аж ахуйнууд тарсан. Атар газрууд нь зэрлэгдээ баригдсан. Энэ гутамшигт байдлаас гарахын тулд 2008 онд С.Баярын Засгийн газар "Атрын III" аяныг эргэн сэргээж байсан юм. Улаанбуудай тариална гээд зээл аваад тоног төхөөрөмж авчихсан аж ахуйн нэгжүүд зээлээ одоо яаж төлөх юм. Тэжээлээ бэлтгүүлж байсан шувуу, гахайны аж ахуйнууд тэжээлээ хаанаас авах юм. Хамгийн гутамшигтай нь УИХ-ын дарга өөрөө үүнийг индрээс чиглүүлж байгаад гутаж байна. 600 мянган аж ахуй эрхлэгчдийн хөдөлмөрийг үгүйсгэчихлээ. Тариалалт яг одоо өрнөж, УИХ эх оронч шийдвэр гаргана гэж идэвхжүүлж байсан ч уначихлаа.
Өөрөө УИХ-ын индрээс “Би энийг дэмжихгүй” гэж хэлж байгаад санал хураачихлаа. Яагаад Монгол Улс эх орныхоо хөрс шороонд ургасан улаанбуудайгаар гурилаа хийж идэж болохгүй юм бэ. Мах, гурилаа ядахдаа дотоодоос хангая. Яагаад гадны зах зээлд найр тавиад байгаа юм. Гурилын салбарт монопол байхгүй. Тариаланчид хуйвалддаггүй. Олон аж ахуйн нэгж энд өрсөлдөж байна. Ямар их цаг хугацаа зарцуулсан билээ дээ.
Гэтэл дөнгөж өндийлгөөд ирэхээр тас цохичихлоо. Одоо Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд хориг тавина гэдэгт итгэж байна. Намрын чуулганаас хойш хангалттай хүлээлээ, тэвчлээ, тооцоо судалгаа хүртэл гаргаж өглөө. Өөр юу хүсээд байгаа юм. УИХ-ын дарга улс орны эрх ашгаас урвалаа. 10 гаруйхан гишүүн үүнийг унагалаа. Ирц бага байснаас болж уналаа. Өнөөдөр би гурван хүнээр дутаж хуулийн төслөө унагалаа. Гурилын чанар муу гэдэг худлаа. Монголын гурилын үйлдвэрүүд дэлхийн шилдэг тоног төхөөрөмжийг ашигладаг. Хаана ч хүлээн зөвшөөрөгддөг. Үйлдвэрүүд агуулах дүүрэн гурилтай байна. 100 гаруй мянган тонн улаанбуудай өнжөөд байж байна. Гарын аравхан хуруунд багтах дотоодод үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдээ ээлж дараалан цохиж унагаж байгаад харамсаж байна" гэлээ.