ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Баярбаатар: Дав.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах ёстой гэдэгт санал нэгдэж байгаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
4 цагийн өмнө

Ёсзүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талаарх гомдлыг хэлэлцэх эсэх асуудлыг сэтгүүлчид тодруулав.

Тус асуултад “Ерөнхий сайдтай холбоотой холбоотой асуудал ирээгүй. Үнэхээр нийгмийг бухимдуулсан асуудал үүссэн юм уу гэдгийг нарийн сайн судлах ёстой байх. АТГ-т бол шалгах эрх нь байгаа. Тэд манайх руу бол хандахгүй. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд ямар нэг дундын хамгаалалтгүйгээр шалгах ёстой. УИХ-ын гишүүн гэдгээр манай Байнгын хороо шалгах бол боломжтой. АТГ бол шалгаад эхэлчихсэн. Аливаа шатны шийдвэрүүд өөрөө хамтын шийдвэр байх ёстой.

Ямар ч тохиолдолд би хувь хүний хувиар урьдчилж байр сууриа илэрхийлэхгүй. Ёсзүйн зөрчлийг дүрэмдээ оруулсан нам бол манайх. Нотлогдоод гараад ирвэл хамтын шийдвэрийн дагуу явна аа. Намын гишүүнээс түдгэлзүүлэх, намаас гарсанд тооцох гэдэг асуудал л яригдана. Намын даргын асуудлыг Их хурлаар шийддэг. Нийгмийг бухимдуулж байгаа асуудал мөн үү гэвэл мөн. Ядуурал, ажилгүйдэл, эдийн засгийн хямралын асуудалд хувь хүний ёс суртахууны асуудал яригдана. Багш, эмч, сэтгүүлч ч ялгаагүй ёс суртахууны хэм хэмжээгээ баримтлах ёстой юм.

Манай Байнгын хороо Засгийн газрын гишүүдийг чуулганы хуралдаанд оролцох журам гэдгийг баталсан. Засгийн газрын гишүүд орлогч сайдгүй ажиллаж байна. Даваад бүлгийн хурал, мягмар, лхагвал Байнгын хороо, Засгийн газрын хуралдаан, пүрэв, баасанд чуулган гээд ажлын таван өдөр завгүй байх ёстой болдог. Тэгвэл цаанаа салбарын ажил яаж явах билээ. Гүйцэтгэх засаглал гэдэг өөрөө том институци. Надад өмгөөлж хамгаалах зүйл алга. Хуулийн байгууллагын өмнөөс би ярихгүй.

Хөдөө орон нутагт ажиллаж байгаа асуудалд би хариулт өгдөг хүн биш. Үндсэн хуулиар баталсан давхар дээлийн талаар би ярихгүй. Миний хариулт өгөх зүйл бол ёсзүйн хариуцлагын л асуудал. Э.Болормаа гишүүний асуудлыг би мэдэхгүй. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэх мэдээлэл алга. Дав. Цогтбаатар гишүүний асуудлыг Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой байх. Цэцэд гомдол маргаан гаргах ёстой байх. Хамтын шийдвэрийг гаргах ёстой юм. Байнгын хороо хамтаар шийдвэр гаргана. Дав. Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах ёстой гэдэг байр суурьтай л байгаа. Эгүүлэн татах эрх чинь ард түмэнд л байгаа” гэсэн хариулт өглөө.