УИХ-ын чуулган өчигдрийн /2025.05.26/ хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Д.Дэлгэрсайханыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлж, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Мөн Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонсож, “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Гишүүдийн зүгээс 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд туссан арга хэмжээнүүдийн хэмжих нэгж, шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох, Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан арга хэмжээнүүдийг тусгах шаардлагатай байгаа талаар онцлов.
Чуулганы төгсгөлд “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаарх ажлын хэсэг, Байнгын хороод болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 141 санал бүрээр санал хураалтыг явуулж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүлэв.