Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болж өндөрлөжээ.
Айлчлалын үр дүнг товчхон дурдвал,
-Хоёр улсын Ерөнхийлөгч уламжлалт найрсаг харилцааг шат ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо.
-Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.
-Хоёр улсын хамтарсан бизнес форум зохиогдож 150 гаруй аж ахуйн нэгж оролцож, харилцаа холбоо тогтоон, гэрээ хэлцэл байгууллаа.
-Монгол Киргизийн бизнесийн түншлэлийн зөвлөл байгуулагдлаа.
-Худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгохоор тохиролцов.
-Иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох болон мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хамтран ажиллана
-Бишкек -Өрөмчи-Улаанбаатар чиглэлийн авто коридорыг хамтран ашиглахаар тохиров.
- Уул уурхай болон бусад салбарт харилцааны бэлгэ тэмдэг болох томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов.
- Монгол, Киргизэд нэг жилээс дээш хугацаагаар оршин сууж, ажиллаж амьдарч байгаа иргэд өөрийн улсын жолооны үнэмлэхээ нөгөө улсын жолооны үнэмлэхээр солих боломж бүрдлээ.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Киргизэд ноос, ноолууран бүтээгдэхүүн нийлүүлнэ.
-Мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир боловсруулах үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлнэ.
-Киргиз Улсад монгол сарлаг, ямаа нийлүүлж, жимс, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиров.
-Цахим хөгжил, инновац, төрийн үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтарна.
-Киргизийн үндэсний их сургуульд “Монгол-Киргизийн боловсрол, соёлын төв” байгуулж, “Монгол судлал”-ын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов.
-Хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр энэ хичээлийн жилээс монгол, киргиз хэл судлалын чиглэлээр оюутнуудаа харилцан сургана.
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
-Дархан-Уул аймаг Киргизийн Ерөнхийлөгчийн Бүрэн эрхт төлөөлөгчийн газартай хамтран ажиллана.