Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксжсон шахмал түлш хэрэглэнэ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх нь буюу 55.6 хувь нь гэр хорооллын айл өрхийн галлагаанаас, 28.9 хувь нь тээврийн хэрэгслээс, 15.5 хувь нь уурын болон усан халаалтын зуух, хог хаягдал, дулааны цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэрээс үүдэлтэй байдаг.
Өнгөрөгч 2024-2025 оны халаалтын улиралд нийслэлд 600 борлуулалтын цэгээр нэг шуудай түлшийг 3750 төгрөгөөр худалдаалж, 540 мянган тонн шахмал түлшээр өвлийг давжээ. Энэ онд буюу 2025-2026 оны халаалтын улиралд 40 мянган тонн мидлинг, мөн импортоор 306 мянган тонн хагас коксжсон шахмал түлшийг авч, нийт 340 мянган тонн түлшийг 400 борлуулалтын цэгээр худалдаална. Нэг шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ 3750 төгрөг, нэг шуудай хагас коксон шахмал түлш 5000 төгрөг байна. Хэрэглэгчид есдүгээр сарын 15-аас эхлэн өмнө нь хэрэглэж байсан “Сайн” карт болон “Хотула” аппликейшнийг ашиглан нүүрсээ худалдаж авна. Харин арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн “Сайн” картын системийг бүрэн халж, зөвхөн аппликейшны систем рүү шилжих аж.
НЗД-ын орлогч А.Амартүвшин “Хагас коксон шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлэхээсээ өмнө бид ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн болон Хятад, Орос, Солонгос зэрэг улсын лабораторид туршилт хийлгэсэн. Лабораториудаас ирсэн хариуг товч танилцуулъя. Хагас коксон түлшний хүхэрлэг хийн хэмжээ сайжруулсан түлшнийхээс 89.2 хувиар бага байна.
Мөн азотын исэл 72.6 хувиар, угаарын хий 24.5 хувиар, нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 68 хувиар бага байгаа юм. Хагас коксон түлш түлснээр агаарын бохирдол 45-50 хувь хүртэл буурна.
Улаанбаатар хотод 172 мянган айл нүүрс түлдэг. Хичээлийн шинэ жил эхэлсний дараа 15-20 мянган өрх нэмэгддэг. Хагас коксон түлш нь сайжруулсан түлшнээс илүү удаан хугацаанд илчээ барьдаг. Уурын зуух, нам даралтын зуухуудад түүхий нүүрс ашигладаг ААН-үүдийг ул ширмээ сайжруулах, мидлинг, хий, цахилгаан руу шилжүүлэх хугацаа өгсөн. Энэ галлагааны улиралд Улаанбаатар хотод түүхий нүүрс огт нэвтрүүлэхгүй. 2024-2025 оны өвөл 87 мянган тонн түүхий нүүрс хэрэглэсэн. Энэ нь 300 мянган тонн хагас коксжсон түлш хэрэглэсэнтэй тэнцэхүйц агаарын бохирдол үүсгэж байсан” гэлээ.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Нүүрсний орон байж яагаад нүүрс гаднаас худалдаж аваад байна вэ гэдэг дээр иргэд шүүмжлэлтэй ханддаг. Нүүрсийг угааж шорооноос нь ангижруулсан түүхий эдээр шахмал түлш хийдэг байсан.
Мидлингийг хөгжиж болох бүх аргаар сайжруулсан. Үүнээс цааш хөгжих боломж байхгүй нь судалгаагаар нотлогдсон. Улаанбаатар хотын хагас коксон нүүрсний хэрэглээг хангах үйлдвэр манай улсад байхгүй. Хагас коксон түлш гэдэг нь түүхий нүүрсийг 600-800 хэмд жигнэж хүхэр, дэгдэмхий бодисыг нь цэвэршүүлсэн бэлэн бүтээгдэхүүн юм.
Бид боловсруулсан, жигнэсэн нүүрсийг гаднаас олон улсын стандартын дагуу оруулж ирж байгаа. БНХАУ-ын компани тус тендерт шалгарсан. Хагас коксон шахмал түлшийг бид шилжилтийн үед ашиглана. Үүний дараа 2028 он гэхэд 103 мянган айл өрхийг огт гал түлдэггүй болгох зорилго тавьсан байгаа” гэв.
Өнгөрсөн жил угаар мэдрэгч ухаалаг төхөөрөмжийг 60 мянган айлд суурилуулсан. Ингэснээр нийслэлийн Хяналтын удирдлагын төвд уг төхөөрөмжөөс мэдээлэл ирж, шаардлагатай тохиолдолд 5-7 минутын дотор тухайн айлд очиж арга хэмжээ авч ажилладаг байсан. 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар 51 мянган айлыг энэхүү ухаалаг системд холбосон. Есдүгээр сард 61 мянган айлыг энэ системд холбохоор ажиллаж байна. Түүнчлэн 45 мянган айлд угаар мэдрэгч төхөөрөмж суулгах төсвийг оруулж ирж байгаа. Ийнхүү Улаанбаатар хотод гал түлж байгаа нийт 172 мянган айл хяналтын системд бүрэн холбогдох юм.
Түүнчлэн нийслэлийн агаарын бохирдлыг бүрэн шийдэхийн тулд айл өрхүүдийг хий, цахилгаан, сэргээгдэх эрчимд хүчинд шилжүүлэх ажлыг үе шаттай төлөвлөж байгааг албаныхан онцоллоо. Тодруулбал, хийн түлшинд шилжүүлэх ажлын ТЭЗҮ хийгдэж байна. Эхний ээлжид энэ жил нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлүүдийнхээ хүчин чадал дээр үндэслэн 5000 айлыг хийн түлшинд шилжүүлнэ. Айл өрхүүдийг дулаалах ажлыг мөн давхар зохион байгуулж байна.
Агаарын чанарыг сайжруулах ногоон бүсэд хамаарах айл өрхүүд гэр болон байшин сууцаа дулаалж, хийн халаагуурт шилжсэн тохиолдолд 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн НИТХ-ын тогтоолын дагуу “Хэрэглээний үнийн урамшуулал” олгоно. Тодруулбал, халаалтын улирал болох есдүгээр сарын 15-ны өдрөөс тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал хийн халаагуур хэрэглэсэн бол нийт 900 мянган төгрөгийн урамшуулал олгоно. Урамшууллыг хүйтэн, дулааны улирлаас хамаарч харилцан адилгүй олгоно гэдгийг албаныхан мэдээллээ.