ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ногоон нуурын 800 орон сууцны 25 хувийг түрээслээд өмчилнө

O.Admin
2 цагийн өмнө

НИТХ-ын ээлжит V хуралдаанаар 800 айлын орон сууцны талаар авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай хэлэлцэх асуудлыг танилцууллаа.

Тэрбээр “Улаанбаатар ногоон орон сууцны төсөл хөтөлбөр нь олон төвт Улаанбаатар хот болон төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах “20 минутын хот” бодлогын хүрээнд 2020 оноос эхлэн Баянхошуу, Шархад байршлуудад “Ногоон орон сууц” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан болон Өндөр технологийн сангийн эх үүсвэрээс санхүүжүүлж буй энэхүү төсөл нь 3 үе шаттай.

Нэгдүгээр ээлжид Баянхошуу, Шархад дэд төвүүдэд нам давхрын 800 өрхийн орон сууцыг барьж ашиглалтад оруулж байна. Хоёрдугаар ээлжид “Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-г байгуулж 4200 өрхийн ногоон орон сууцыг дэд төвүүдэд барих зорилготой ажиллаж байна.

Гуравдугаарт, ногоон барилга, эко хорооллын норм, стандартыг тодорхойлох, салбарын чадавхыг бэхжүүлэх зэрэг зорилготой” гэдгийг онцлон танилцууллаа. Эхний ээлжийн 800 орон сууцыг энэ ондоо багтаан ашиглалтад бүрэн оруулахаар ажиллаж байгаа бөгөөд хууль журмын дагуу холбогдох ашиглалтын эрхийг НОСК-д даалгах санал гаргав.

Тус эхний ээлжийн 800 орон сууцны 25 хувийг түрээслээд өмчлөх, 75 хувийг худалдаа үйлчилгээний талбай, агуулах, дулаан зогсоолын хамт төсөлд хамрагдах иргэдийн газраар солих болон худалдан борлуулж, борлуулсан орлогыг Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн санд төвлөрүүлэн Баянхошуу, Шархад дэд төвүүдэд төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэх зарцуулах тухай асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар дэмжиж баталлаа.