ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төсвийн байнгын хорооны даргаар Н.Наранбаатарыг томиллоо

O.Admin
3 цагийн өмнө

Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/-ийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Нанзадын Наранбаатарыг сонгох асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал байнгын хорооны даргад нэр дэвшигчийн танилцуулгыг хийж, Улсын Их Хурлын гишүүн Нанзадын Наранбаатарыг парламентад ажилласан туршлага, боловсролд үндэслэж Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байгаа гэв. Гишүүдийн олонх буюу 94.7 хувь нь УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг Төсвийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив.

НАМТАР

Нанзадын Наранбаатар нь 1974 онд төрсөн, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1992 онд Өмнөговь аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1996 онд Цэргийн их сургууль, 2011 онд АНУ-ын Калифорнийн Олон Улсын их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй.

Нанзадын Наранбаатар нь:

- 1996-1998 онд Цэргийн их сургуульд багшаар,

- 1998-2002 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтнээр,

- 2002-2004 онд Өмнөговь аймгийн татварын хэлтсийн даргаар,

- 2004-2009 онд Өмнөговь аймгийн ЗДТГ-ын даргаар,

- 2011-2015 онд "Билэгт говь" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар,

- 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар,

- 2020-2024 онд, Монгол Улсын Их Хурлын гишүүн,

- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна.