ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Амарбаясгалангаас өөр гэмт хэрэгтэн, нүүрсний хулгайгаас өөр ажил байгаа шүү, Б.Энхбаяр сайд аа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
1 цагийн өмнө

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэний Засгийн газрын үед нэг удаа “Би шударга ёсны төлөө Ерөнхий сайдынхаа сэлэмний ир болно” хэмээсэн Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр төд удалгүй өнөөх сэлмээ Ерөнхий сайдынхаа ар нуруунаас “зоож” орхиод өөр нэгний буюу дараагийн Ерөнхий сайд Г.Занданшатарын сэлэмний ир болсноос хойш гурван сарын хугацаа өнгөрөөд байна.

Хэрэг явдлыг эргэн сануулбал, Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрөгч оны есдүгээр сарын 30-ны үдэш гэнэтхэн шуурхай мэдэгдэл хийх зар тарааж, улмаар “Эдийн засгаа сэргээхийн тулд бид нүүрсний хулгайтай тэмцэх ёстой. УИХ-ын даргыг би энэ ажилд манлайлал үзүүлэх болов уу гэтэл тэгсэнгүй. Эсрэгээрээ нүүрсний хэрэгт холбоотой байжээ. Нүүрсний хулгайтай хийх тэмцэлд надад дэм болох хүн бол манай намын гишүүн Б.Энхбаяр юм байна. Тиймээс бүрэн эрхийнхээ хүрээнд Хуульзүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа мэдэгдье. Эрч хүчтэй, эрс шийдэмгий байдлаар тэмцэхийн тулд энэхүү томилгоог хийж байгаа юм” хэмээгээд гарч одсон билээ. Тэр оройдоо Ерөнхийлөгчид томилгоог танилцуулсан бөгөөд намын зодооны улмаас томилгоо нь 21 хоног гацсаны дараа УИХ-ын босго давж, 25 хоногийн дараа л “сэлэмний ир” Б.Энхбаяр маань сайдын тамгаа гардаж байлаа.

Тэрбээр ажлаа авахдаа “Ерөнхий сайдын хэлсэнчлэн нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол Монголын ирээдүйг хулгайлж байгаа хулгайчидтай хийх тэмцэл гэж ойлгож байгаа. Тэтгэвэр, хүүхдийн мөнгөнөөс хумсалсан хулгайчидтай тэмцэнэ гэсэн үг. Би нүүрсчдэд хөөгдөхгүй харин нүүрсчдийг эх орноосоо хөөнө. Шударга ёсны төлөө тэмцэнэ” хэмээж байлаа. Гэвч энэ явдлаас хойш 90 хоног өнгөрсөн ч эрхэм сайд сэлмээ хуйнаасаа сугалсангүй. Хаа нэгхэн экс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хаяглан сүртэй мэдэгдэл оруулчихдаг байсан бол сүүлийн өдрүүдэд бүр усанд хаясан чулуу мэт ор сураггүй алга болов. Долоо хоногт нэг удаа сүржин ая дэвссэн рийл цацах, төрийн өндөрлөгүүдийн мэдээг шэйрлэхээс өөрөөр эрхэм сайдын шударга ёсны төлөөх сэлэм хэний ч толгойг авсангүй, хэн ч эх орноосоо хөөгдсөнгүй. Нүүрсний хулгайтай хийх тэмцлийн улмаас хэн ч шалгуулсангүй.

Харин Бор тээг гэх ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэсэн Засгийн газрын албан мэдээ гараад л сураг алдарлаа. Эрс шийдэмгий, эрч хүчтэй ажиллах эрхэм сайд маань рийл хийх уралдаанд харин нэлээд дээгүүр байр эзэлж явааг нуух юун. Гэтэл энэ улсад тэр дундаа хуулийн салбарт Д.Амарбаясгалангаас ч чухал гэмт хэргийн кэйсүүд ар араасаа гарч байна. Нүүрсний хулгайгаас ч ноцтой дээрэм, тонуул ил болсоор байгаа. Хамгийн сүүлд гэхэд л долоон залуу бүлэглэн нэг бүсгүйг хүчирхийлсэн хэрэг нийгмийг донсолгов.

Тулгар биетэй, төрөх дөхчихсөн бүсгүй, хоёр нялх үрийнхээ хамт сэтгэцийн өвчтэй этгээдийн гарт амиа алдчихлаа. Гэтэл энэ бүхэнд эрхэм сайд сэлмээ сугалах нь байтугай нийтийн өмнө ч гарч ирсэнгүй. Эрхбиш Дэд сайд нь нэг удаа гарч ирэн мэдэгдэл хийж “Сэтгэцийн өвчтөнүүдийг тусгаарлах байрыг СЭМҮТ-ийн хашаанд барих ажлыг яаравчилна” гэж мэдэгдэл хийгээд сураг алдрав. Энэ чиглэлийн эрхзүйн орчин ямар байдаг талаар уг нь Б.Энхбаярын амнаас сонсох нь илүү баймаар. Эрхэлсэн салбарт нь цэргүүд нэгнээ дэглэж зодсон бичлэг ил болоход салбарын сайд нь бус Ерөнхий сайд өмнөөс нь мэдэгдэл хийж, бүр цэргийн ангиудаар явж шалгалт оруулжээ.

Ээждээ эрхэлсэн хүүхэд аятай Ерөнхий сайдаараа хамаг ажлаа хийлгэчихээд манай сайд харин мэдээ л шэйрлэдэг хэвлэлийн төлөөлөгч болоодхов. Өдөр бүхэн л зэрлэг балмад нөхрийнхөө, найз залуугийнхаа хүчирхийлэлд өртсөн бүсгүйчүүд сошиал сүлжээнд шүгэл үлээж байна. Гэтэл Шүгэл үлээгчийн эрхзүйн байдал өнөө хэр ойлгомжтой биш байгаа. Хүчирхийлэлд өртсөн охид бүсгүйчүүд хэргийг нь цагдаа хаагаад байдаг учраас аргаа баран хэвлэлд хандаж байна. Гэтэл энэ чиглэлийн тогтолцоонд өөрчлөлт оруулна аа гэж ганц пост оруулаад л сайд сураг алдарлаа.

Насанд хүрээгүй бяцхан охиноо бусдын гарт зэрлэгээр хөнөөлгөсөн ээж аргаа баран хэвлэлд удаа дараа хандаж, эцэстээ УИХ-ын даргатай уулзан хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх талаас анхаарч өгөхийг хүслээ. Ухаандаа хууль боловсруулах, батлах байгууллагын дарга нь бус Хуульзүйн сайд Б.Энхбаяр хөөрхийлөлтэй байдалд орсон ээжтэй уулзаж, хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх эсэхэд анхаарч явах учиртайсан. Гэрч хохирогчийг хамгаалах эрхзүйн орчноо илүү тодорхой болгох ажлыг хийж, энэ салбарт юу хийх юм, ямар бодлогын өөрчлөлт хийх вэ гэдгээ нийгэмд ойлгомжтой хэлж байх атал сонгогдсон дүүргийнхээ цэцэрлэгийн нээлтэд үг хэлсэн шигээ тойргоо тойглож яваа хүнээс эрч хүч, илүү шуурхай байдлыг хүлээгээд ч нэмэргүй бололтой.

Нүүрсний машинтай сэтгүүлчдээ хэзээ зарлах вэ, сайд аа

Хуульзүйн сайд Б.Энхбаяр байсхийгээд л улс төрийн том зодооны өмнө нийтийн өмнө гарч ирдэг. Тэгэх бүртээ “Сэтгүүлзүйн салбар авлигад идэгдсэн. Тэдний дунд ч нүүрсчид бий. Нүүрсний машинтай 50 сэтгүүлч байгаа. Цаг нь болохоор тэднийг ил зарлана” хэмээн ярьдаг болсон. Хоёр жил гаруйн өмнөөс л эрхэм сайд энэ тухай ярьсан даа. Гэвч өнөөдрийг хүртэл цаг нь болсонгүй.

Эсрэгээрээ нийгмийн сайн сайхны төлөө, нийтийн эрх ашгийн төлөө дуугарч явдаг олон зуун сэтгүүлчид авлигачид, нүүрсчид хэмээн цоллуулж, ариун цагаан хөдөлмөрөөрөө ажиллаж, олж яваа сэтгүүлчид “нүүрсний машинтай” хэмээн яригдах боллоо. Гэвч зарлана гэсэн өдрөө эрхэм сайд “Хоолой бүр пир пар болсон байсан юм. Өнөөдөр бүр паг. Эм тариа руу орчихлоо. Хоолой руу орчихдог айхтар ханиад байна” хэмээн мэдэгдээд сураг алдарсан билээ. Үнэнд гүйцэгдсэн эрхэм сайд дахиад л хашрахгүй “Нүүрсчид их мөнгөтэй байна лээ. МАН-ын зарим нөхөд миний эсрэг акц хийхэд зориулж тэрбум төгрөг хэвлэлд цацсан байна лээ” хэмээн мэдэгдэл хийгээд амжсан.

Дахиад л сэтгүүлчид түүнээс баримт нэхэхэд гаргаж өгөх ширхэг ч цаасгүй учраас гүлдийгээд өнгөрч байлаа. Энэ мэтээр байсхийгээд л хэвлэл мэдээлэл рүү дайрч, тэднийг авлигачин, нүүрсчин мэтээр ярьдаг ч бариад гарч ирэх баримтгүйн улмаас тэгсхийгээд л чимээ алдардаг зуршилтай болов. Монголын сэтгүүлчдэд өстэй мэт авирладаг эрхэм сайд мэдсээр байж гүтгэдэг үү, эсвэл мэдэн будилж зориудаар ингэдэг үү гэдэг нь сонирхолтой. Хүний нэр төр, ажил мэргэжлийн нэр хүндийг үл тоодог хүн хуулийн салбарыг удирдаж, хүний эрхийг хамгаалж, хүний төлөө тэмцэхгүй гэдэг нь ойлгомжтой биз дээ. Гагцхүү улс төрийн өс хонзонд зэвсэг болгон түүнийг намынхан нь ашигладаг ч гэлээ тэр үүргээ ч өнөөдөр хангалттай биелүүлж чадаагүйг нь бичсэнийхээ төлөө нүүрсчин сэтгүүлч болчихгүй гэж найдъя даа.

Сэлэм гялс толгой бөндгөс гээгүй билүү

Өмнө хэлсэнчлэн, мөрөөрөө ажлаа хийж суусан Б.Мөнхбаатар сайдыг түлхэн унагаж, өөрөө гарч ирэхдээ Б.Энхбаяр сайд нүүрсний хулгайтай тэмцэнэ, нүүрсчдийг эх орноос нь хөөнө гэж гарч ирснийг уншигч та санаж буй биз ээ. Тэрбээр, сайд болохынхоо өмнөхөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа ““Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийх шийдвэрийг гаргаж “Эрдэнэс Тавантолгой Майнинг” охин компанийг үүсгэсэн байгуулсан.

Улмаар уг охин компанийн нэр дээр Бортээгийн өмнөд хэсгийг хамрах тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлсэн. Дараа нь 2020 онд Засгийн газрын тогтоолоор саяын охин компани байгуулах шийдвэрийг хүчингүй болгож татан буулгасан. Хэрвээ Бортээгийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, нээлттэй компани байгуулах хэлбэрээр ажилласан бол “Адменирал” компанийг тойрсон нүүрсний хулгайн асуудал гарахгүй байсан” гэж мэдэгдсэнээс гадна “Херо энтэртайнмент” нь Лондонд “Тамгагүй төр” жүжгээ гаргахын тулд нүүрсний мөнгөнөөс их хэмжээний мөнгө зарцуулж пиар хийсэн, “Гэрэгэ таур”-ын 14, 15 давхрыг хууль бусаар дээрэмдэж авсан, анхнаасаа олон нийтэд ил байсан гэрээнүүдийг нууцад авсан, “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Админерал”-ыг үүсгэн байгуулагч Хятадын компанитай нүүрс худалдан авах гэрээ хийсэн гэх мэтээр олон ноцтой зүйлсийг ярьсан байдаг.

Дараа нь энэ бүхнийг маш шуурхай шалгана,  хэнийг нь ч өршөөхгүй бараг л “толгойг нь авна”, эх орноос нь хөөнө гэсэн ч өнөөдрийн байдлаар өмнө хэлсэнчлэн “Бор тээгийг эдийн засгийн эргэлтэд оруулна” гэсэн албан шийдвэр гарснаас өөрөөр “хэний ч толгой бөндгөс” хийсэнгүй. Б.Энхбаяр сайд өмнө нь буюу 2023 онд нүүрсний сонсгол даргалж байхдаа ч “Адменирал”-ын хэргийг ярьж л байсан. Бас л сүр дуулиантайгаар мэдэгдэл хийж байсныг санаж байна.

Дан ганц “Адменирал” ч бус “Эрдэнэс Тавантолгой” ХК, жижиг Тавантолгойг тойрсон маш олон нүүрсний гэмт хэрэг, хилээр бүртгэлгүй гарсан нүүрсний хулгайг тэр мэдэж байлаа. Гэхдээ шалгахгүй явсаар 2025 он хүргэсэн шүү. Нарийн ярьвал, Тавантолгойд эзэн суучихсан MCS-ийг ч эрх мэдлийн хүрээнд шалгах эрхийг түүнд Ерөнхий сайд тамгатай цуг өгснөө хэлсэн шүү дээ. Гэвч гуравхан сарын өмнө сэлмээ сугалчихсан, нүд нь эргэлдчихсэн шударга ёс ярьж явсан сайд маань төрийн өндөрлөгүүдийн рийлэнд туслах дүр бүтээж, хилийн цэс эргэж, цэцэрлэг нээсэн шигээ өнөөхөө мартчихсан явж байгаа нь гайхмаар зүйл шүү.

Намын даргын томилгоо нэг тийш шийдэгдэхтэй зэрэгцэн намын нууцын өрөө рүү шидэгдсэн нүүрсний хулгай, нам доторх цэвэрлэгээ ч ийнхүү дашийн шог болов. Магад маргаашнаас Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхтэй зэрэгцэн эрхэм сайд дахиад л сэлмээ сугалж, эдгээр хэргүүдээ сэргээж яриад эхэлбэл нэг их гайхахгүй. Албан тушаалын зодоон болохоор гаргаж ирэн мишок болгодог сэдвээ нэг мөр дарчихвал манай сайдад хийх ажил, хэлэх үг ч үлдэхгүй учраас нүүрсний хулгай тэргүүн зэргийн сэдвээ, нүүрсний машинтай сэтгүүлч гэх дэд сэдэвтэй нь хамт шүүгээндээ мартсаныг нь ойлгож болно оо.

Гэхдээ төрийн сайдын сэнтийд урилгатай очсоноо санаж ядахдаа салбарынхаа шинэчлэл, өөрчлөлтийн төлөө, сэтгэл сэртхийлгэм гэмт хэргүүдийг бууруулахын төлөө ажлаа хийвэл яасан юм бэ, Б.Энхбаяр сайд аа. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр таны өмнөөс ажлыг тань хийсээр л байг уу. Монгол Улсад Д.Амарбаясгалангаас өөр хэрэгтэн, нүүрсний хулгайгаас өөр олон гэмт хэргүүд гарч байна. Тэр бүхний шалтгаан нөхцлийг тогтоож, томилгооноос илүү бодлогын шийдэлдээ анхаарч, ажлаа хийхгүй юм уу. Ядахдаа л хаврын чуулганд оруулж ирэх Гэрч хохирогчийг хамгаалах, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдал зэрэг нэн чухал хуулиудаа нийгмийн анхааралд оруулж, хэлэлцүүлж, хэвлэл мэдээллээр дамжуулан нийтэд мэдээлж, тэндээс санаа оноо авахгүй юм уу, сайд аа.  

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин