ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

36 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг ердөө тав дахин өсчээ

O.Admin
1 цагийн өмнө

Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Жаргалан нарын санаачилсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөллүүдийн дунд хэлэлцүүлэх уулзалтыг өнөөдөр /2026.03.13/ зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Ардчилсан Намын бүлгийн дэд дарга Б.Жаргалан, УИХ-ын гишүүн Г.Очирбат, Ардчилсан намын бүлгийн Эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэв нар оролцов.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Ардчилсан Намын бүлгийн дэд дарга Б.Жаргалан “Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос эргэлт буцалтгүй татгалзаж, хувийн өмч, хувийн санаачилга, чөлөөт өрсөлдөөнд тулгуурласан зах зээлийн эдийн засгийг сонгосноо тунхаглан баталгаажуулсан.

Гэвч өнгөрсөн хугацаанд энэ зарчим бодит амьдрал дээр улам бүр бүдгэрч, эдийн засаг дахь төрийн оролцоо тэлж, чөлөөт зах зээлийн орон зай хумигдсаар байна. Ардчиллын суурь үнэт зүйлс ганхаж, төр давамгайлсан эдийн засгийн шинж улам тодорч буй нь бодит үнэн. Үүнийг энгийн тоон жишээ тодорхой харуулна.

Сүүлийн 36 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг ердөө 5 дахин өссөн бол, яг энэ хугацаанд БНХАУ-ын эдийн засаг даруй 50 дахин тэлжээ. Энэ бол бодлогын сонголт, институтийн чадавх, хөгжлийн хурд ямар их зөрүүтэй байсны тод илрэл юм. Тиймээс эдийн засгийн хөгжлийн дараагийн шатанд гарахад Монгол Улсын өмнө тулгарч буй хамгийн том саад тотгор болох төрийн хэт оролцоог шийдвэрлэхгүйгээр, зөвхөн салбарын явцуу асуудлуудыг хөндсөн хууль тогтоомж батлах нь дорвитой үр дүнд хүрэхгүй” гэдгийг онцлов.

Гишүүд үргэлжлүүлэн оролцогчдын сонирхсон асуултад хариулж, байр суурийг нь сонсов. Энэ үеэр бизнес эрхлэгчдийн зүгээс татварын дарамт болон эдийн засагт төрийн оролцоо хэт өндөр байгааг шүүмжилсэн юм.

УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс боловсруулсан 5 бүлэг, 19 зүйлтэй Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл нь Үндсэн хуулийн заалтуудыг бодит амьдралд хэрэгжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд УИХ-ын хаврын нэгдсэн чуулганаар хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэл ажлыг хангаж байна.