Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн анхны хэлэлцүүлгийн талаар гишүүдийн асуултад хариулав. Тэрбээр, "Монгол Улс жилд 620 орчим тэрбумыг халамжинд төсөвлөдөг. Гэтэл зорилтод бүлгийнхээ 24 хувьд л очиж байгаа.
Халамж нүдээ олохгүй байна гэсэн үг. “Цалинтай ээж”, “Хүүхдийн мөнгө” чинь хүн амаа өсгөх бодлого шүү. Тэр бол гэр бүлийг дэмжиж байгаа бодлого болохоос халамж биш. Зорилтот бүлгээ орхисон халамжийн бодлого өөрөө “халамжлуулах” хэмжээнд очсон. Үүнийг өөрчлөх хуулийг удахгүй өргөн барина. Тэр үед гишүүд та бүхэн камер харахаараа халамж зөв шүү гэж яриад эхлэх вий.
Төрийн албан хаагчийн цалинг 33 хуулиар шийдэж байгааг нэг хуулиар шийднэ. Тэтгэвэр шударга бус байна. 2013 оноос өмнө 1.4 саяар, 2017 оноос хойш 2.4 саяар тэтгэвэр бодсон. Насаараа хөдөлмөр эрхэлсэн хүн 10 жилийн дараа тэтгэвэрт гарсан хүний цалингийн зөрүү 40 хувьтай байгаа нь шударга бус. Тэтгэвэр нэмлээ гээд бүгдийг 10 хувиар нэмчихээр зөрүү улам л ихэснэ. Хөдөлмөрлөсөн нь хөлснийхөө үр шимийг хүртдэг,олон жил шимтгэл төлсөн нь илүү тэтгэвэр авдаг тогтолцоо руу явна.
Төрийн албан хаагчийн цалинг 33 хуулиар шийдэж байгааг нэг хуулиар шийднэ. Сонгууль бүрийн өмнө буюу дөрвөн сард тэтгэвэр, цалинтай холбоотой хууль гаргасаар байгаад тогтолцоог эвдчихсэн. Төсвийн 75 хувь нь зөвхөн урсгал санхүүжүүлж байгаа. Ийм төсөвтэйгөөр цаашаа явахгүй. Зовлонгоо эрт яриад төсвөө боож байна. Төсвийн урсгал дээр реформ хийнэ" хэмээн байр сууриа илэрхийлэв.
