ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хотын шинэ дарга Б.Пүрэвдагва татвар нэмэхгүй, том төслүүдийг эрэмбэлж эхлүүлнэ хэмээлээ

O.Admin
9 цагийн өмнө

НИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанд НИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлснийг бүлгийн дарга Ж.Сандагсүрэн танилцууллаа. Нэр дэвшигч Б.Пүрэвдагва нь МАН-ын Нарийн бичгийн дарга, намын дэргэдэх СоДМЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажилладаг. 1990 онд төрсөн, МУИС-ийг Улс төр судлаач мэргэжлээр төгссөн. 2017 онд Австрали улсын Ньюкастлын Их Сургууль (Newcastle University)-д Тогтвортой хөгжлийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.

2008 онд МАН-д элссэн гэлээ. Төлөөлөгчдийн 80 хувь нь Нийслэлийн Засаг даргаар Б.Пүрэвдагвыг томилохыг дэмжиж, НИТХ-ын шийдвэр, холбогдох баримт бичгийг Ерөнхий сайдад уламжлахаар болов. Улмаар, ЗГХЭГ-ын дарга Б.Батцэцэг Ерөнхий сайдыг төлөөлөн очиж, түүнд Хотын даргын тамгыг гардуулж, ажлын амжилт хүссэнээр шинэ Хотын дарга өчигдрөөс эхлэн үүрэгт ажилдаа албан ёсоор орж байна. НИТХ-ын төлөөлөгч нар нэр дэвшигч Б.Пүрэвдагваас асуулт асууж, хариулт авсныг тоймлон хүргэе.

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул: Нэр дэвшигч хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн нь талархууштай. Ажлын намтар зузаан, Ардын намд цөөхөн үлдсэн нэр цэвэр залуусын нэг. Хотод бол шинэ хүн биш. 2026 онд төсөв батлахдаа дэд бүтцийн хөгжилд ихээхэн төсөв хуваарилсан. Тэгэхээр 2026 оны төсвийн тодотгол буюу төсвийн хуваарилалтад ямар зарчим, бодлого баримтлах вэ. Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хотод хийж хэрэгжүүлэх ямар ажил байна вэ?

Нэр дэвшигч Б.Пүрэвдагва: 2026 оны төсвийг харвал 52.6 хувийг зам засвар, шинэчлэх ажилд зарцуулахаар төсөвлөсөн байна. Нийгмийн салбарт ердөө 8.5 хувийг зарцуулахаар тусгажээ. Түгжрэлд жилдээ 3-5 их наядын алдагдал хүлээж байгаа гэдэг судалгаа гарсан учраас энэ чиглэлд илүү их төсөв зарцуулахаар тусгасан юм билээ. Хот бүхэн өөрийн гэсэн гентэй гэж багш маань хэлдэг байсан. Тэгэхээр манай хотын ген нь өөрөө юу юм бэ гэдгийг эхэлж харж байж төсвөө зарцуулах нь зөв байх. Хотын иргэдийн хүсэж байгаачлан үндсэн ген рүү нь хэрхэн дөхүүлэх вэ гэдгээ харах ёстой. Төсвийн зарцуулалтыг ч гэсэн түүн рүү чиглүүлнэ. Зам талбай чухал ч бетон, цементээс илүү хүнд чиглэсэн ажил хийнэ. Машин тэргэнд биш хүндээ төвлөрсөн хотыг бий болгоно.

НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан: Бид шинээр амлалт өгөх гэхээс илүү 2024 онд ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлж ажиллах нь зөв байх. Дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ өөрийн гэсэн өнгө, зорилго, бодлогоо шингээж ажиллаарай. Хотод тулгамдаж байгаа асуудлаа эрэмбэлж авбал зүгээр байх. Ямар ажлыг онцолж ажиллах вэ.

Нэр дэвшигч Б.Пүрэвдагва: Нэгдүгээрт, автозамын түгжрэл. Хоёрдугаарт, агаар орчны бохирдол. Гуравдугаарт, дэд бүтцийн хүртээмжгүй байдал. Дэд бүтцийн хүртээмжгүй байдал дээр онцолбол Дулааны тавдугаар цахилгаан станц. 1984 оноос хойш гэж тооцвол 42 жилийн хугацаанд хэчнээн удаа тууз хайчлав. Энэ төслийн ард заавал гарчихъя гэсэн залуу хүний амбиц байна. Нийтийн тээврийн шинэчлэлийг хийнэ. Шинэ хувилбаруудыг иргэдэд санал болгосныхоо дараа нийтийн тээврээр үйлчлүүлээч гэж уриална шүү дээ. Бүсчилсэн зогсоол, хүн төвтэй зам барих шаардлагатай.

Өөрөө байнга дугуй унадаг хүний хувьд энэ чиглэлд нэлээд өргөн хүрээнд ажил хийнэ. Манайх шиг хүйтэн хотууд хэрхэн дугуйн болон нийтийн тээврийн зогсоолоо шийдэж байгааг судлана. 20 минутын хот, Сэлбэ дэд төвтэй адилхан барилгажуулалт явуулах шаардлагатай. Гэр хороололд амьдарч буй иргэдэд дэд бүтцийн холболт хийж байж яндангаас сална. Өнгөрсөн жил хотын утаа 30 хувиар буурсан байна. Энэ бол сайн мэдээ. Гэхдээ урт хугацаандаа хэрхэх вэ гэдгээ ярилцана. Хотын дарга болчихвол нэн тэргүүнд өвөлжилтийн бэлтгэлдээ орно. Ирэх жил түлшээ импортоор авахаас өөр аргагүй. Дараа жилээс нь харин дотоодод үйлдвэрлэх гарц гаргалгааг хайх болно.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт: МАН орон нутгийн сонгуулиар үнэмлэхүй олонхи болсон. Энэ нөхөд хотыг маань хөгжүүлнэ гэж итгэж сонгосон болов уу. Гэтэл тэр ажлыг хийхээр ахалж явсан нөхөр ажлаа өгчихлөө. Хоёр жил өнгөрсөн ч та нөхдийн хийсэн ажил алга. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулна, метротой болно гэсэн. BRT, Туулын хурдны зам, тойрог замыг амласан. Үлдсэн хоёр жилийн хугацаанд эдгээр амлалт чинь хэрэгжих үү. Мөрийн хөтөлбөр чинь хэдэн хувьтай хэрэгжих юм бэ. Энэ төслүүдийг үргэлжлүүлэх юм уу. Олон хотуудтай болох амлалт чинь хэрэгжсэнгүй. Хоёр дахь жилдээ төсөв батлаад явж байгаа ч ажил нь 0. Энийг хийх үү?

Нэр дэвшигч Б.Пүрэвдагва: 20 минутын хот, шинэ Улаанбаатар мөрийн хөтөлбөр хэрэгжинэ. Энэ бол хотын иргэдийн хүсэж байгаа зүйл. Бидний мөрийн хөтөлбөрт итгэж, 40 төлөөлөгчид мандат өгч илгээсэн. Энэ бол Засаг даргын үүрэг. Дагуул хотуудыг байгуулахаас илүү наана тулгамдаж байгаа олон асуудал бий. Санхүүгийн хувьд хязгаарлагдмал учраас нэн чухал төслүүдээ эрэмблээд цааш явна. Хотоо задлах бодлого барьж байж төвлөрөл, түгжрэлээс ангижирна. Иргэд соёл, урлаг, төрийн гээд бүх төрлийн үйлчилгээ авах гэж хотын төв рүү түгжирч байгааг задлах нь чухал. 20 минутад энэ үйлчилгээг авах бодлогоо хэрэгжүүлнэ.

НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар: Хүн солигдоход бодлого солигдож болохгүй. Сэлбэ, Туулын хурдны зам, метро, Тавдугаар цахилгаан станц зэрэг мега төслүүдэд ямар бодлого барих вэ. Боловсон хүчний асуудалд ямар менежмент хийх вэ. Халаа сэлгээний талаар бодлоо хэлээч?

Нэр дэвшигч Б.Пүрэвдагва: Мега төслүүд маш их шүүмжлэл дагуулж байгаа. Мега төслүүдэд эрэмбэ гаргана. Тухайн асуудлыг шийдэх хамгийн зөв оновчтой хувилбар мөн үү гэдэг эхний шалгуур байгаа. Санхүүгийн хүрээнд хамгийн оновчтой төсөвлөлт мөн байсан уу гэдэг дараагийн шалгуур бий. Үүнд иргэдийн оролцоо байр суурь чухал. Нэмээд мэргэжлийн экспертүүдийн дүгнэлтийг сонсоно. Гадны хөрөнгө оруулалтыг илүү их татна. Надад улстөржих зав алга. Ажлаа мэддэг, асуудлаа ойлгодог, иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүстэй ажиллана. Ажлаа хийж чадахгүй, сэтгэлгүй хүмүүстэй бол ажиллахгүй. Тэрний хүн, энэний хүн, улаан, цэнхэр гэсэн асуудал ерөөсөө байхгүй. Та бүхэнд нийслэлийн иргэд мандат өгч илгээсэн. Тэгэхээр та бүхний санал ч надад үнэ цэнтэй байх болно. Хамтраад ажиллах болно оо.

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан: Нийслэл 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил гэж зарласан. Та Хотын дарга болчихвол нийслэлийнхээ бизнес эрхлэгчдийг ямар бодлогоор дэмжиж ажиллах вэ. Улаанбаатар хот бол залуу хот. Залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх газрыг нэмэгдүүлэх чиглэлд ямар бодлого шийдэл гаргах бол.

Нэр дэвшигч Б.Пүрэвдагва: Бизнес бол туйлын чухал асуудал. 23 настайгаасаа би худалдаа, үйлчилгээний салбарт бизнес хийж ирсэн. Аж ахуйн нэгж байгууллагын 76, худалдаа үйлчилгээний 84 хувь нь нийслэлд байна. Хэрвээ Хотын дарга болчихвол аж ахуйн нэгж болон иргэдийн нуруун дээр дахиж татвар нэмэхгүй ээ. Төр бизнестэй өрсөлдөхгүй гэсэн зарчмыг барина. Ерөнхий сайдын санаачилсан “Чөлөөлье” санаачилгыг Улаанбаатар хотын хөрсөнд нутагшуулна. Хотын соёл гэж асар том зүйл бий. Залуустайгаа хамтарч олон ажил хийхээр төлөвлөж байгаа.

НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар: Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг батлуулах гээд чадаагүй явж байгаа. Бид эндээс ажлаа эхлэх ёстой. Энд хэрхэн санал, санаачилга гаргах вэ. Мега төслүүдийг эрэмблэх тухай ярилаа. Та газар дээр нь очиж танилцаж, гүнд нь орж төслүүдээ хараарай. Метро, трамвай аль нь тухайлбал түрүүлж явах юм.

Нэр дэвшигч Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөг батлуулахын төлөө явна аа. УИХ-ын гишүүдтэй нягт нямбай ажиллаж энэ ажлын ард гарах болно. Миний том даалгаврын нэг байх шүү. Тун удахгүй төсөв тодотгоно. Таны асуусан трамвай, метроны төсөлд 495 тэрбумын төсөв тусгасан юм билээ. Би төслийн нэгжүүдтэй уулзана. Иргэдийн саналыг сонсоно. Энийг зогсооно, эхлүүлнэ гэж ярихад эрт байгаа. Уулзаж танилцсаны дараа шийдвэрээ гаргана.

НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа: Нэр дэвшигч таныг улс даяараа магтлаа. Бид ер нь сонгууль хийхгүйгээр нэгнээ ингэж магтаж хөөргөөд ажилд нь томилоод явчихвал яадаг юм бэ. Хот гэдэг бол цэцэрлэгийн хүүхдийн тоглоом биш. Хот хүнийг биш системийг шалгадаг газар. Таныг хот төлөвлөлтийн мэргэжлээр мэргэшсэн гэж сонссон. Та хөгжлийг гацааж буй системийн асуудал юу гэж боддог вэ. Тухайлбал, Туулын хурдны замын ажлыг үргэлжлүүлэх үү. Бодлогын өөрчлөлт хийх үү. Өндөр зардал гаргаж буй зардлын бүтцийг юу гэж үздэг вэ.

Нэр дэвшигч Б.Пүрэвдагва: Хамгийн түрүүнд хүн ээлтэй л хот болгоно. Бүх бодлого төлөвлөлт, төсвөө тийш нь чиглүүлнэ. Туулын хурдны замын асуудлаар Засгийн газраас гарсан шийдвэр байгаа. Иргэдийн санал хүсэлт ч бий. Нэлээд өндөр тооцоо судалгаа хийж байж бүрэн шийдвэр гаргана. Зардлын бүтцэд хэмнэлт хийх асуудал бий. Урсгал зардал, мега төслүүд дээр хамгийн их зардлын асуудал гарч байгаа. Хүнд ээлтэй хот болгож чадсан уу гэдгээр ажлаа хэмжүүлнэ. Цемент биш ногоон байгууламжийг илүү сайжруулна. Автомашиныг биш хүндээ чиглэсэн ажлыг хийнэ. Буцалж байгаа тостой тогоо руу үсрээд орж байгаагаа мэдэж байгаа. Залуу хүний хувьд айгаад байх зүйл алга. 36 настай хүн ажиллахгүй гээд яах юм. Юунд биеэ нөөх юм. Амралтын өдөр, шөнө, оройгүй ажиллах эрүүл бие, эрч хүч байгаа учраас бэлтгэлтэй байгаа. Хотын иргэний хувьд хотоо чин сэтгэлээсээ хөгжүүлэх хүсэл байна.

НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү: Орж ирээд сандал суудлын хэрүүл хийхгүйгээр энэ багтайгаа ажиллаж чадах уу. Хүний нөөцөө ямар шалгуураар сонгох юм. Өөрийн багаа авчирлаа гэж баахан хүн сургаж байгаад явчихдаг. Ийм асуудлаа нээлттэй ярьчихвал яадаг юм бэ. Сүүлийн гурван сар биднийг бүгдийг нь авлигач гэж дуудлаа. Хэрвээ тийм асуудал байгаа бол хэрхэн цэгцлэх юм.

Нэр дэвшигч Б.Пүрэвдагва: Туршлага, мэдлэг,  чадвар, хандлагыг харна. Засаг даргатай шууд харьцдаг 3-4-хөн албан тушаал бий. Энд баг болж ажиллах хүмүүстэйгээ ажиллана. Надтай хамт ажиллаж байсан хүмүүс ч байгаа. Одоо байгаа хүмүүсийг шууд үнэлж дүгнэж чадахгүй. Хамтраад ажиллаад явна. Улстөржихгүй ээ. Зуны сар эхэлчихлээ. Бүтээн байгуулалтын ажилдаа ормоор байна. Эргэлзээтэй асуудлуудад тодорхой хариулт өгөөд шуурхай явна. Сошиал дээр явж байгаа бүхэн туйлын үнэн биш шүү дээ. Хууль хүчний байгууллагууд шалгаж нягтлаад явах байлгүй дээ. Бидэнд иргэдийн асуудлыг шийдэх нэг л зарчмын зорилго байгаа.  

НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж: Улаанбаатар хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн буураагүй байгаа. Хүн амын тэлэлттэй холбоотой нийслэлийн иргэдийн анхдагч хэрэгцээг хэрхэн хангах вэ. Бодлогын зөрүүтэй олон асуудал гарч ирэх болно. Та бүхэн 24 мега төслийг нэрлэсэн ч дээр, доороо гацчихлаа. Үүнийгээ яаж эрэмблэх юм. Өсвөр үеийн хар тамхины хэрэглээ, согтууруулах ундааны хэрэглээ хэрээс хэтэрлээ. Готам хот болж байгааг хэлж байна. Залуусыг соёл урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх чиглэлд ямар ажил хийх вэ.

Нэр дэвшигч Б.Пүрэвдагва: Төлөөлөгч нар маань улам залуужихын хэрээр асуултууд ч шинэчлэг, залуус руу чиглэж асууж байгаа нь талархалтай. Гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Биднийг юу ярих вэ гэдгийг гадныхан хараад сууж байгаа. Эхлээд гэрээ хийсэн төслүүдээ явуулахын төлөө ажиллана. Гэрээ хийж ажил эхлүүлчихээд цуцалж болохгүй шүү дээ. Гэрээний заалт байна. “За андгай буй за” гэдэг зарчмаар ажиллах ёстой. Энэ зарчмаа хадгалчихвал дараа, дараагийн төслүүд ороод ирнэ. Манай улс руу чиглэсэн хүлээлт өндөр байгаа шүү. Төслийг иргэдийн дэмжлэг авсан цагт л явуулна. Санхүүгийн болон үйл ажиллагааны хяналт шалгалтыг хийнэ. Ингэсний дараа явуулна. Сошиал орчинд зарим зохицуулалт хийх ёстой гэж боддог. Манайх шиг хяналтгүй улс цөөхөн шүү. Янз бүрийн хүчирхийлэлтэй сошиалын хэрэглээг хянах зохицуулалтыг улс орнууд хийгээд эхэллээ. Үүнийг дэмжээд явна.

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин