ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлав

O.Admin
52 минутын өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2026.06.02) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг эцэслэн баталлаа.

Төлөвлөгөөний төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10.1, 6.10.2 дахь заалтад заасан шаардлагад нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулсан.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үндсэн хариуцагчаар ажиллах 15 төсөл, арга хэмжээ тус төлөвлөгөөнд туссан.

Тухайлбал,

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны чанарыг сайжруулах хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг эрчимжүүлнэ.

-Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийн жилийн дундаж өгөөжийг нэмэгдүүлнэ.

-Хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлнэ.

-Нийгмийн халамжийн үйлчилгээний чанарыг сайжруулах хүрээнд зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, эрүүл идэвхтэй насжилтыг дэмжих үйлчилгээ болон асаргааны хувилбарт үйлчилгээ үзүүлэх байгууллагын тоог нэмэгдүүлнэ .

-Хүүхдийн эрхийг хамгаалахад мэдлэг, мэдээлэл олгох сургалт нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах, түр хамгаалах байрыг төрөлжүүлэх, “нийгэмшихүй” арга хэмжээг хэрэгжүүлэхээр туслаа.