ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гар утасны SOS дуудлагад түргэн тусламж, цагдаа, онцгойгийн дуудлагыг холбоно

O.Admin
1 цагийн өмнө

Төрөөс хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээг "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)"-ээр дамжуулан цахим хэлбэрээр үзүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, шүүх, прокурор болон УИХ-аас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөлөө. 

Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е- business)"-ийг 2023 онд нэвтрүүлсэн, уг системд төрийн 832 үйлчилгээг оруулж, бизнес эрхлэгчид 485 мянга гаруй үйлчилгээг цахимаар авчээ. Ч.Номин сайд ярихдаа "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “е-business"-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлнэ. Зөвшөөрлийн тухай хуульд тусгасан 371 зөвшөөрлийг цахимаар авах боломж бүрдэхээс гадна шинэ бизнесээ 2 цагийн дотор нээх боломжтой. Мэдэгдлийг мөн шинэчилсэн хувилбарт тусгана. Төрөөс аж ахуйн нэгжид үзүүлдэг бүхий л үйлчилгээ нэг цонх, сувгаар буюу бүгд цахим хэлбэрт шилжиж байна. Бизнесээ нээхээс хаах хүртэлх бүхий л үйлчилгээг цахимжуулна.

Шинэ хувилбарыг 6 дугаар сарын 12-ноос хэрэглээнд нэвтрүүлнэ. Түгээмэл ашигладаг 15 гэрээний загварыг нийтэд нээлттэй байршуулснаар хувийн хэвшил, ЖДҮ эрхлэгчид цахимаар гэрээ байгуулах боломж бүрдэх юм. Арилжааны банк, аппликейшнаас зээл авах иргэд өөрийн биеэр очихгүйгээр цахимаар гэрээ байгуулан зээл авах шинэчлэлийг тусгалаа.

“Эрсдэл мэдэгдэх” цэс “E-mongolia” платформд байршиж эхэлснээс хойш 5 хоногийн хугацаанд 125 гомдол ирсэн. Иргэний эрсдэлийн мэдээллийг “E-mongolia”, “11 11” төв, бусад аппликейшн гэсэн 3 төрлөөр авна. “11 11” төв мэдээллийг нэгтгэж, асуудлыг арилгах хариуцагч байгууллага руу илгээх юм. Мэдээлэл илгээсэн иргэнд тухай бүр нь асуудлыг хүлээж авлаа, хариуцагч байгууллагад илгээлээ, судалж байна, шийдэгдлээ гэсэн үе шаттайгаар хариу өгнө. Эрсдэл мэдээлэх цэсийн API-г хувийн хэвшлүүдэд нээлттэй болгоно. Нээлттэй аваад иргэдэд чиглэсэн платформуудад ашиглах боломжтой.

Түргэн, цагдаа, онцгой байдалд эрсдэл учирсан тохиолдолд яаралтай дуудлага өгөх шинэ технологийг 6 дугаар сарын 15-нд хэрэглээнд нэвтрүүлнэ. Гар утасны SOS дуудлагад түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын тусгай дугаарыг холбосноор тухайн хэрэглэгчийн байршлыг мэдэх, түргэн хугацаанд хүрч очих боломж нээгдэнэ. Олон улсын судалгааны дагуу ойролцоогоор 1.5 минут хэмнэх юм билээ. Байршлаа бүрэн тодорхой илэрхийлж чадахгүй нөхцөл байдлыг хялбарчилж шийдсэн" гэлээ.