ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ойн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив

O.Admin
2 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, П.Батчимэг, С.Лүндэг, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан, Ц.Туваан нарын гишүүдийн хамт Ойн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл өргөн мэдүүллээ.

Монгол Улсын ойн салбар урьдчилсан тооцооллоор 800 саяас 1.4 тэрбум ам.долларын хэмжээний орлого оруулах боломжтой гэж үздэг. Иймд эл салбарыг эдийн засагжуулах зайлшгүй шаардлагатай байгааг онцлон илэрхийллээ.

Хуулийн төсөлд:

• Ойг хамгаалалтын, ашиглалтын, тусгай зориулалтын гэж ангилан менежментийг боловсронгуй болгох,

• Улс, орон нутгийн ойн менежментийн төлөвлөгөөг 10 жилийн хугацаатай хэрэгжүүлэх,

• Иргэн, аж ахуйн нэгжийн таримал ойг өмчлөх, ашиглах эрхийг тодорхой болгох,

• Ойн баялгийг хаягдалгүй, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлд ашиглах,

• Орон нутгийн иргэд, нөхөрлөлүүдийн оролцоог нэмэгдүүлэх,

• Ойн мэдээллийн нэгдсэн цахим системийг хөгжүүлэх,

• Нүүрстөрөгчийн шингээлт, кредитийн тогтолцоог эрх зүйн хүрээнд зохицуулах зэрэг олон чухал шинэчлэлийг тусгалаа.

Монгол Улсын ойн салбар цаашид био эдийн засгийн чухал тулгуур болж, олон улсын нүүрстөрөгчийн зах зээлд оролцох, хөрөнгө оруулалт татах шинэ боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна.

Мөн энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын өмнө ногоон хөгжил, тогтвортой бодлогын хүрээнд хүлээсэн үүргээ бодитоор хэрэгжүүлж буйгаа олон улсад харуулах ач холбогдолтой юм.