ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Баярбаатар: Монголын төрийн өндөр албан тушаалтан, Ж.Эпштэйн нар насанд хүрэгчдийн сэдвээр харилцсан

O.Admin
4 цагийн өмнө

“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдвээр Ерөнхий хяналтын сонсгол болж байна. Уг сонсголыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ахалж буй бөгөөд Ж.Эпштейний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэргийн талаарх нийтэд ил болсон баримт, мэдээлэлд Монгол Улс, Монгол Улсын төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдийн талаар дурдсан асуудлын бодит нөхцөл байдлыг нээлттэй сонсох нь энэхүү сонсголын зорилго.

Өнөөдрийн сонсголоор АНУ-ын иргэн Жеффри Эпштэйний талаар, түүний үйлдсэн гэмт хэргийн талаар огт ярихгүй. Дэлхий нийтийн анхаарлыг татсан Ж.Эпштэйний гэмт хэрэгт нэр бүхий албан тушаалтнууд холбогдсон талаарх асуудлыг 3 сэдвийн хүрээнд, судалгаанд үндэслэн явна.

Жеффри Эпштэйн насанд хүрээгүй хүүхдийг хүний наймаанд зуучилж, бэлгийн мөлжлөгт оруулдаг асар том сүлжээг удирдаж байсан хууль бус үйл ажиллагааны талаарх 3,5 сая хуудас бүхий зураг, баримтууд нь нээлттэй хэвээр байгаа.  

Манай улсын хувьд ч Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж, төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий албан тушаалтнуудын нэр дурдагдсан.

Ж.Эпштэйн гэх хүн хөгжиж буй, улс төрийн тогтворгүй нөхцөл байдалтай, байгалийн асар их баялагтай хэдий ч хүн ам цөөнтэй Монголд улс төрийн лобби хийх, шийдвэр гаргалтад нөлөөлөх зорилгоор холбогдсон.   

“Эпштэйний хавтаст хэрэг”-т дурдагдсан Монгол Улсын иргэдийн дунд насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүд хохирогч болсон байх магадлал өндөр байгаа. Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтан, Жеффри Эпштэйн нарын харилцсан мэдээллүүдийн дийлэнх нь насанд хүрэгчдийн сэдэв болохыг анхааруулсан.

Монгол Улсын нэр бүхий иргэнээс 2016 оны УИХ-ын сонгууль болон 2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн явц, цаашид ямар арга хэмжээ авах гэж байгаа талаарх мэдээллийг Жеффри Эпштэйнд тухай бүр хүргүүлж байсан талаар олон тооны цахим шуудангууд байна” хэмээн мэдээлэл өгчээ.