Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч Г.Занданшатар өнөөдөр Куала Лумпур хотноо хэвлэлийн бага хурал хийж, Ш.Алтантуяагийн хэргийн асуудлаар Малайзын талд дипломат демарш хүргүүлснийг мэдээлжээ. Гадаад харилцааны яам уг демаршийг Бангкок, Бээжинд суугаа Малайзын Элчин сайд нарт уламжилсан байна.
Демарш нь улсын албан ёсны байр суурь, хүсэлтийг өөр улсад дипломат шугамаар уламжлах арга хэмжээ юм. Ш.Алтантуяа 2006 онд Малайзад амиа алдсанаас хойш 20 жил өнгөрч байна. Шүүхийн шийдвэрийн Малайзын Засгийн газарт иргэний эрх зүйн хариуцлага хүлээлгэсэн хэсгийг Давж заалдах шатны шүүх 2026 оны 1 дүгээр сарын 20-нд хүчингүй болгосонд Монголын тал харамсаж буйгаа илэрхийлэв.
Г.Занданшатар Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа С.Шаарийбуутай анх уулзаж, УИХ-ын даргаар ажиллахдаа охиных нь хэргийн асуудлыг Малайзын парламентын удирдлагад тавьж байжээ. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллахдаа талийгаачийн гэр бүлийг дэмжих Засгийн газрын ажлын хэсэг байгуулсан юм.
“Охиныхоо төлөө итгэл, найдвар тээсэн тэр харцыг нь би одоо ч мартдаггүй” хэмээн Г.Занданшатар С.Шаарийбуутай анх уулзсан үеэ дурссан байна.
.jpg)
Монгол Улс Малайзын шүүхийн хараат бус байдлыг хүндэтгэн, дараах дөрвөн асуудлыг албан ёсоор тавьжээ:
1. С.Шаарийбуугийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, холбогдох иргэний нэхэмжлэлийг улс төрийн болон бусад хөндлөнгийн нөлөөллөөс ангид, шударга, ил тод, баримтад тулгуурлан шийдвэрлэх.
2. Австралид байгаа Сирул Азхар Умараас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлэг авах хууль ёсны боломжийг бүрдүүлж, түүнийг Малайзад хууль ёсоор шилжүүлэн өгөх асуудлаар Австралитай хийх яриа хэлэлцээг эрчимжүүлэх.
3. Шинээр илэрсэн буюу өмнө нь шалгаагүй нотлох баримтыг эрх бүхий байгууллагаар хуульд нийцүүлэн шуурхай шалгуулж, явцын мэдээллийг гэр бүлийн өмгөөлөгчдөд хүргүүлэх.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон тавьсан асуудал тус бүрийн талаар Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор бичгээр мэдээлэл өгөх.
Монгол Улс хэнийг ч цаазаар авахуулахыг хүсэхгүй бөгөөд Сирулыг буцаах тохиролцоо нь хоёр улсын хуульд нийцэж, цаазаар авахгүй байх бодит баталгаатай байх ёстойг онцлов.
“Алтантуяагийн ээж шударга ёс тогтохыг үзэж амжилгүй бурхан болсон. Бага хүү нь ээжийгээ хүлээсээр 15 насандаа тэнгэрт одсон. Өнөөдөр аав нь ‘Уучлаарай’ гэх үгийг ч сонсолгүй өтөлж явна. Юу ч хийхгүй байх нь өөрөө шударга бус явдал” хэмээн тэрбээр хэллээ.
Тэрбээр албан тушаалтан солигдсон ч иргэнийхээ амь нас, эрх ашгийг хамгаалах төрийн үүрэг, хариуцлага өөрчлөгдөхгүйг онцолж, шаардлагаа дипломат болон хууль ёсны бүх сувгаар үргэлжлүүлэн тавихаа илэрхийллээ.
Г.Занданшатар мөн Малайз, Австралийн Засгийн газарт хандсан “Алтантуяагийн нэр төрийн төлөө” (Dignity for Altantuya) олон улсын цахим өргөдөл, гарын үсэг цуглуулах аяныг хувийн санаачилгаар эхлүүллээ. Тэрбээр хуулийн хүрээнд хариуцлага тооцуулах, гэр бүлд тодорхой хариулт өгөхийг дэмжсэн уг аянд нэгдэхийг уриалав.
