ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төсвийн цаана улс төр биш монгол өрхийн амьдрал бий

O.Admin
3 цагийн өмнө

Өнгөрөгч гуравдугаар сарын 31-нд томилогдсон Ерөнхий сайд Н.Учрал өөрийн удирдаж буй танхимынхаа сайд нарын хамтаар ирэх онд захиран зарцуулах анхныхаа төсвийн төслөө батлууллаа. Наймдугаар сарын 31-нд өргөн барьж, хуулийн хугацаандаа буюу 11 дүгээр сарын 15-наас өмнө энэ сарын 13-ны баасан гарагт 126 гишүүнтэй парламентын танхимын халуун уур амьсгал дунд 111 гишүүн санал хураалтад оролцож, 91 нь буюу 82 хувийн саналаар 39.2 их наядын орлоготой төсвийн төслийг батлав.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өөрийн танхимын захиран зарцуулах энэхүү төсвөө “Ард түмнээ бодсон, тэдний дэмжлэгтэй батлагдсан төсөв” хэмээн тодотгожээ. Угтаа, “Улсын төсөв бол ахмад настнуудын тэтгэвэр, эмч, багш, албан хаагчдын цалин хөлс, асаргаа, эмчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж. Эмнэлэг, сургуулийн гэрэл, дулаан хүүхдийн мөнгө, айл өрхийн орлого, баялаг бүтээгчдийн эдлэх боломж. Төсвийн үг, тоо бүрийн цаана монгол айл, монгол хүний ахуй амьдрал бий” хэмээн олон нийтэд хандсан мэдэгдэлдээ онцолсон байна.

Сонгуульд бэлтгэв үү, иргэдээ бодов уу

Улсын төсөв урд өмнөх жилүүдээс өндөр орлого, зарлагатай байхаар алх цохихтой зэрэгцэн сөрөг хүчний улстөрчид хийгээд нийгмийн зүгээс ирэх санал, шүүмжлэл ч тэр хэрээр нэмэгдлээ. Товчхондоо, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэсэн өндөр төсөвтэй байсан уу гэх шүүмжлэл өрнөж байна. Тэгвэл төсөв өндөр болсон хоёр шалтгаан бий бөгөөд,

-Өмнө нь төсвөөс гадуур эргэлдүүлж байсан ТӨК-иудын цэвэр ашгийн 3.5 их наяд

-17 жилийн дараа анх удаа авах гэж буй Оюу толгойн 3 их наядын ногдол ашиг буюу 6.5 их наядыг Ерөнхий сайд улсын төсөвтөө багтаан оруулж ирж, хяналттай зарцуулахаар шийдвэрлэсэн учраас өнгөц харвал урд өмнө байгаагүй өндөр төсөв болсон мэт харагдаж буй юм.

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, геополитикийн зөрчил маргаан 2027 онд ч намжихгүй гэдэг нь тодорхой болсон учраас улс орон бүхэн зайлшгүй ирэх хямралд бэлтгэж, хүнс, шатахууны нөөцөө бүрдүүлж, иргэдийнхээ бодит орлогыг хамгаалах ажлыг эхлүүлээд байна. Ийм цагт монголчууд бид ч амьдрал дээр хэрэгжиж чадахгүй байгаа агаарын мега төслүүдээс илүү иргэн Дорж, Дулмаагийн гэрт ногдол ашгийн энэ мөнгийг хэрхэн оруулах вэ гэдгийг анхаарч үзэх нь чухал боллоо.

Тиймдээ ч өнөө жилийн төсөв үнийн өсөлт иргэдийн халаасыг тэмтэрч буй учраас цалин, тэтгэвэр нэмэх зарчмаар буюу өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөрлөх бүтээх хүсэл сонирхлыг дэмжихэд чиглэжээ. Энэ санхүүжилтийг гэхдээ Оюу толгойн ногдол ашгаас бус ТӨК-иудын цэвэр ашгаас гаргана. Ногдол ашгийг хэрхэн зарцуулах, “Хуримтлалын сан”-д хийх үү гэдгийг Засгийн газар бус УИХ-ын гишүүд кнопоороо шийднэ гэдгийг ойлгох ёстой болов уу.

Цалингийн нэмэгдэлд 888.1 тэрбумыг тусгалаа

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрөгч дөрөвдүгээр сарын эхээр ажлаа авсныхаа дараахан төрийн албан хаагчид буюу багш, эмч нарын бодит нөхцөл байдал, амьдрал, ахуйтай нэгбүрчлэн явж уулзаж, танилцаж байлаа. Багш, эмч нарын цалинг Засгийн газраас 2026 оны эхнээс 50 хүртэл хувиар нэмэгдүүлнэ хэмээсэн ч хоёр өөр зарчмаар цалин нь бодогдож байгаа нь Гүйцэтгэх засаглалын тэргүүний чихэнд сонсогдох нь тэр.

Ингээд газар дээр нь очиж, багш, эмч нартай уулзсаны дараа нэмэгдэл, элдэв урамшуулал нь хуучин цалингаас бодогддог атлаа татвар, татаасаа нэмэгдсэн цалингаас авдаг гэх “гажиг” тогтолцоог нэг мөр болгож, нэмэгдсэн нэг л цалингаасаа бүх нэмэгдлээ бодуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн билээ. Үүнээс 2026 оны төсвийн тодотголоор он дуустал цалинг бүрэн олгох санхүүжилтэд дутагдаад байсан 844.6 тэрбумыг мөн бүрэн шийдвэрлэж өгсөн байдаг.

Түүнчлэн, 2026 оны төсвийн тодотголоор цалин нь нэмэгдээгүй үлдсэн соёл, спорт, цаг уур, орчны шинжилгээ, стандарт хэмжилзүй зэрэг төрийн мэргэжлийн үйлчилгээ болон жолооч, манаач, цахилгаанчин зэрэг төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, тогтоолыг энэ оны 11 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлэх шийдвэрээ албажуулсан билээ. Ингэснээр, 52 мянган албан хаагчийн цалин 477-903 мянган төгрөгөөр нэмэгдэж, түүнд шаардагдах 170 тэрбумыг төсвийн тодотголоор шийдсэн тогтоол хэрэгжиж эхлээд 15 хонож байна. Энэхүү бодит дэмжлэг ирэх онд ч үргэлжлэх бөгөөд 211 мянган төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдэлд 888.1 тэрбум төгрөг тусгаснаа Ерөнхий сайд онцлон танилцууллаа.

Өөрөөр хэлбэл,

-Өмнө нэмэгдсэн байсан эмч, багш, ХАА, цаг-уур зэрэг төрийн үйлчилгээний алба хаагчдын цалин 2027 оны хоёрдугаар улирлаас дахин 10 хувиар нэмэгдэнэ.

-Төрийн захиргаа болон төрийн тусгай албаны цалин 20 хувиар нэмэгдүүлэхээр тус, тус санхүүжилтийг төсөвт тусган батлууллаа.

Тэтгэврээс өөр орлогогүй ахмадуудаа үнийн өсөлтийн өмнө орхихгүй

“Монголын төр тэтгэврээс өөр орлогогүй ахмадуудаа үнийн өсөлтийн өмнө орхихгүй. Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү авах, хүний хөдөлмөрийн үр шимийг шударгаар үнэлэх тэтгэврийн шинэ тогтолцоогоо үргэлжлүүлнэ” гэдгээ мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Монголын төр анх удаа “Суурь тэтгэвэр” гэх шинэ тогтолцоог бий болгож, ажилласан жилээс хамаарч 430 мянган ахмад настанд 100-300 мянган төгрөгийн нэмэгдлийг 2026 оны арваннэгдүгээр сарын 01-нээс олгож эхлээд буй.

Нэгэн насны амьдралаа улс, эх орныхоо сайн сайхны төлөө зориулж, гавьяаны амралтаа эдлэн суугаа ахмадууд маань хамгийн багадаа 1 сая төгрөгийн тэтгэвэртээ болсон. Тэгвэл энэ тоог ирэх онд дахин нэмж, тэтгэврийг багадаа 1.3 саяд хүргэхээр шийдвэрлэжээ. Хийдгээ хийж, бүтээдгээ бүтээчихсэн ахмадуудад чиглэсэн төрийн бодлого нэгхэн удаагийн нэмэгдлээр зогсохгүй гэсэн үг. Ирэх онд инфляцтай уялдуулан нийт 562,000 ахмад настны тэтгэвэр дахин 10 хувиар нэмэгдэх төсвийг нэг мөр тусгаж батлуулсан байна. Улсад 40 гаруй жил ажилласан 73 настай манай ээжийн тэтгэвэр гэхэд л 2026 оны 11 дүгээр сарын 01-нээс 300 мянгаар нэмэгдэж, 2.100.000 болсон бол оны дараа дахин 210.000 төгрөгөөр нэмэгдэж, 2.3 сая төгрөгт хүрч байна.

Эцэст нь дүгнэхэд, улсын төсөв гэдэг улстөрчдийн хий хоосон хөөргөдөж шүүмжлэх тоо, их наядын уралдаан, улс төр огтхон ч биш юм. Тоо бүрийн цаана нэгэн насны амьдралаа улс эх орондоо зориулсан ахмадуудын амьдрал, өдөр бүр бидний үр хүүхэд, эрүүл мэндийн төлөө зүтгэж буй багш, эмчийн цалин гээд төсвийн өгөөж иргэн бүрийн амьдралд хүрч байх нь туйлын чухал билээ.