ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаяр: Х.Баттулга заавал ажлаа өгч шалгуулах ёстой

O.Admin
52 минутын өмнө

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр улс төрийн шуугиантай асуудлаар буюу "Бодь"-ийн оффтейк гэрээ, нүүрсний асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Энэ асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах албан бичигт гарын үсэг зуруулахаар зогсоно. Өмнөх Хянан шалгах түр хорооны ажлыг ч хянана.

Миний албан бланк дээр гарсан бичигт нийтдээ 27 гишүүн гарын үсэг зурсан байгаа. Зарим хүмүүсийн яриад байгаа шиг ширээн доороо нуугаагүй. 32 гишүүн гарын үсэг зурж байж, хэлэлцэх эрх үүсдэг. Таван гишүүн дутуу байна. Сэтгүүлчдэд дэмжиж байна гэж ярьсан гишүүдээс гарын үсэг зурсан хүн алга. Дандаа үг, үйлдэл нь зөрдөг. Бүх хүн ажлаа өгөөд шалгуул. Үүний эхлэл болгож Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч ажлаа өглөө. Үүний араас тухайн үед ялангуяа гэрээ байгуулагдаж байхад ҮАБЗ-ийн гишүүн, Ерөнхийлөгч байсан Х.Баттулга ажлаа өгөөд шалгуулах ёстой.

Х.Баттулга гэж хүн Ерөнхий прокурорт чиглэл өгч, миний бүрэн эрхийг УИХ-д оруулж ирсэн ч намайг үлдээсэн. Гэхдээ би өрөө өргөдлөө өгөөд шалгуулсан. Харамсалтай нь хууль хоёр нүүртэй, хүний царай хардгийг мэдэхгүй гэнэдэж, долоон жилийн ял авсан. АТГ-ын өнөөгийн дарга З.Дашдаваа тэргүүтэн надад хилс хэргээр ял өгсөн.

Авлига, хулгайд идэгдсэн монгол төрийн аюулгүй байдал байхгүй юу. Үнэн, мөнийг нь ялгаж салгая. Хувьсгал хийх цаг нь болсон. Хянан шалгах сонсголын үеэр гэрчүүдийн аюулгүй байдал нэн чухал. Хуулийн хамгаалалт хэрэгтэй. Н.Удаанжаргал, Б.Ганхуяг, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч байгаад асууя. Бүгд ажлаа өгөөд шалгуулах ёстой. Хянан шалгах түр хорооны 15 гишүүн нэр цэвэр байх хэрэгтэй шүү. Тухайн үед асуудалд нэр холбогдож байсан Н.Алтанхуяг тэргүүтэй хүнээс нэг нь ч энэ Хянан шалгах түр хороонд орж болохгүй. Өмнөх сонсгол “Бодь” гэж эхлээд Бор тээг болоод дууссан шүү. Х.Баттулга хянан шалгая гэж гарын үсэг зурна гэвэл "Уучлаарай та хаалга андуурсан байна" гэж хэлээд л гаргана биз дээ. 

АТГ-ын дарга З.Дашдаваа тэргүүтнийг үтэр түргэн зайлуулъя. Эд нар өнөөдрийг хүртэл юу хийсэн юм. АТГ, тагнуул, цагдаа, шүүхийн байж байгаа байдлыг хар. Дандаа албан тушаалд томилсон эзэндээ үйлчилнэ. "Нохой засуулсан эзэндээ янаг" гэж тэр. Х.Нямбаатарын Төрийн ордны гурван давхраас ял өгч байна гэж хэлдэг үнэн шүү дээ. Ноцтой анхаарах зүйл бий. Х.Баттулга С.Баатаржавыг дуудаад Г.Батхүүгийн хэрэгт наадахаа холбо, хүн амины хэрэгт холбо гэсэн. Аз болж хууль дээдэлсэн зарчим барьсан Цагдаагийн даргатай байж таарсан. Өнөөдрийг хүртэл хүн амины хэргээр сошиалд намайг гөвөөд л байдаг. Х.Баттулга заавал ажлаа өгч шалгуулах ёстой. Тэртээ, тэргүй тэр нөхөр ажлаа хийдэггүй, цалин аваад сууж байдаг биз дээ. Чуулган дээр тэр хүнийг ганц хоёр удаа л харсан байх. Хаашдаа ажлаа хийдэггүй зүгээр ажлаа өгчихөөч дээ" хэмээлээ.