ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Энхбаяр: Эхний 9 сарын байдлаар экспорт 16.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 54%-иар өслөө

O.Admin
1 цагийн өмнө

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд экспортын дүн мэдээг танилцуулжээ. Тэрбээр энэ талаараа мэдээлэл өгөв. Ж.Энхбаяр сайд хэлэхдээ "2026 оны эхний 3 улирлын дүн гарлаа. Монгол Улсын экспорт сүүлийн 10 жил 3.4 дахин өссөн. 2026 оны эхний 9 сарын байдлаар экспорт 16.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 54%-иар өслөө.

Нийт экспортын 95 хувь нь уул уурхай, түүн дотроо нүүрс, зэс, төмрийн хүдэр голлож байгаа бол мах, махан бүтээгдэхүүн, арьс шир уул уурхайн бус экспортын гол хувийг бүрдүүллээ.

Төсөвт тусгасан экспортын жилийн төлөвлөгөөгөө эхний 9 сард давуулан биелүүлсэн. Одоо бидэнд дахиад 3 сарын хугацаа байна. Нүүрсний экспортоор Ханги боомт тэргүүлж, 140 %-ийн гүйцэтгэлтэй байгаа. Шивээхүрэн 96, Бичигт 4, Гашуунсухайт 82, Булган боомт 76 хувийн гүйцэтгэлтэй, ирэх саруудад энэ тоогоо нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг дуулгая. Нүүрс, төмрийн үнэ сүүлийн 2 жил унасан бол алт, зэсийнх өссөн. Төсвийн тэнцвэржүүлсэн үнээс давсан алт, зэсийн ашгийг “Төсвийн тогтворжуулалтын сан”-д хуримтлуулсан. Биржийн арилжааны үнэ сайн байгаа нь төсвийн орлого бүрдэхэд нэмэр болж байгаа. Жилд дунджаар 2.5 тэрбум ам.долларын нүүрсийг биржээр арилжаалж байна.

Гадаадын худалдааны цахим нэг цонхны бодлогыг хэрэгжүүлнэ. Ингэснээр экспортод зарцуулж байгаа 302 цагийг 22 цаг болгож бууруулна. Засгийн газар 500 тэрбумаас дээш хөрөнгө оруулалт хийх гадны хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулж ажиллахаар Хөрөнгө оруулалтын хуулиар шийдвэрлэсэн.

Засгийн газрын хуралдаанаар,

-Бөөрөлжүүтийн усан цахилгаан станцын 2 дугаар ээлжийн өргөтгөлийн 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий төслийн гэрээг шинэчлэх

-Баянгийн цахилгаан станцын 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай гэрээг шинэчлэн байгуулах

-Шивээ-Овоогийн цахилгаан станцын 1.4 тэрбумын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах асуудлыг тус, тус шийдвэрлэв. Эдгээр гурван төсөл 2028-2029 онд ашиглалтад орсноор эрчим хүчний бие даасан байдлаа хангаж чадна" гэсэн юм.