ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг шинэчилнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-30

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын санаачилсан “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив. УИХ 2007 оны нэгдүгээр сард “Сэргээгдэх эрчим хүчний тухай” хуулийг баталснаас хойш өнөөг хүртэл нийт 120 МВт-ын нар, салхины цахилгаан станцуудыг ашиглалтад оруулж, нэгдсэн сүлжээнд холбожээ. Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооноос 39 компанид 1528.8 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих тусгай зөвшөөрөл олгосон байна. Зөвшөөрлийн дагуу эх үүсгүүрүүдийг барьж, нэгдсэн сүлжээнд холбовол сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1524 МВт болж, одоо байгаа нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадал болох 1200 МВт-аас давж гарахаар байгаа юм. Энэ тохиолдолд нэгдсэн сүлжээний горим, ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, найдвартай ажиллагаа алдагдах нөхцөл үүсэх юм байна.