ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Тэгширэх гурван эрдэн” компани ЖДҮХС-гаас зээл аваагүй гэв

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-20

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний ахлах зөвлөх Б.Энх-Амгалан нартай холбоотой “Тэгширэх гурван эрдэнэ” ХХК-ийн төслийг дэмжихийг хүссэн албан бичиг гарсан гэх мэдээлэл цацагдсан билээ.

Тэгвэл Ерөнхий сайдын ажлын албанаас энэ мэдээлэлтэй холбоотой тайлбар өгчээ. Тодруулбал “Тэгширэх гурван эрдэнэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, тус компанийн захирал Г.Эрдэнэхүү “Титан хийц” тавилгын үйлдвэрийн төслөө Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөлд хамруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, дэмжлэг хүсч байсан.

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт төслийн танилцуулга бүхий хүсэлтийг албан бичгээр хүргүүлсэн боловч энэхүү төсөл нь ЖДҮХС-гийн зээлд шалгараагүй болно.

Мөн “Тэгширэх гурван эрдэнэ” нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний ахлах зөвлөх Б.Энх-Амгалан нартай ямар ч хамааралгүй компани болно гэдгийг Ерөнхий сайдын Ажлын албанаас мэдэгдэж байна” хэмээсэн байна.