Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй Ерөнхий сайд асан С.Баярын биеийн байдал эрс муудсантай холбоотойгоор өчигдөр шөнө хоёрдугаар эмнэлэгт шилжүүлсэн байдаг. Тэгвэл экс Ерөнхий сайдын биеийн байдал ямар байгаа талаар Нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн захирал Г.Баясгалангаас тодруулахад “Манай эмнэлэгээс ямар нэгэн хүсэлт илгээгээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа эмнэлэгийн эмч нарын дүгнэлтээр ирсэн. С.Баяр даргын эрүүл мэндийн байдал хэзээнээс сайн байгаагүй. Эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий сайдын ажлаа өгч байсан. Одоо бол астма нь хүндэрсэн байдалтай байна. Тулай өвчний улмаас хөл дээрээ зогсож чадахгүй байгаа нь үнэн. Бидний зүгээс аль болох эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа учир ар гэрээс нь эргэлт оруулахгүй байгаа, өвчтөнд сахиур шаардлагагүй” гэлээ.
Бид түүний өмгөөлөгч А. Ариунаатай утсаар холбогдон үйлчлүүлэгч нь эмнэлэгт хэвтсэнтэй холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан эсэхийг тодруулахад “Тийм юм байхгүй ээ, хүсэлт гаргаагүй” хэмээн мэдэгдсэн юм.