ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гацаанаас гарах хамгийн сүүлийн боломж

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-06

УИХ-ын гишүүн асан, хуульч Х.Тэмүүжин одоогоос 20 гаруй хоногийн өмнө “УИХ-ын даргыг олонхоороо огцруулдаг хууль санаачлаад, батлаад огцруулчихгүй гудамжинд гарч жагсана гээд байх” хэмээн жиргэж байлаа. Нээрээ ч гишүүдэд хууль санаачлах, боловсруулах, батлах эрх мэдэл нь байгаа атал хуульдаа өөрчлөлт оруулчихгүй ажил хаяж, чуулган бойкотолж, төрийн ажлыг гацааж байгааг нь гайхах хүн олон байв. 

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах гэсэн улс төрөөс үүдэж чуулган, байнгын хорооны хурал нэг сар гаруйн хугацаанд хуралдаж чадаагүй. Гишүүд нь ийм хүнээр хурал удирдуулахгүй хэмээн эсэргүүцэл зарласны улмаас намрын чуулган хуулийн хугацаандаа завсарлаж чадахгүйд хүрчихээд байгаа. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгч Х.Баттулга энэ бүх тодорхойгүй байдалд цэг тавих, ан цав үүссэн хагарлыг эцэс болгох хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барив. МАН-ын бүлгийн задралаас үүдэлтэй төрийн ажлын гацааг гаргах  нь гэж дүгнэж болно.

Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан хууль санаачлах бүрэх эрхийнхээ дагуу УИХ-ын тухай хууль болон Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал УИХ-ын гишүүдийн дийлэнх, олонх нь дэмжсэн тохиолдолд УИХ-ын даргыг огцруулах эрхзүйн үндэслэл бүрдэх билээ. Төрийн ажил нь гацсан, түшээд нь ажил хаялт зарлачихсан, намын бүлэг нь дотроо шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болчихсон ийм цаг үед үүнээс өөр аргаар гацааг арилгах боломж алга. Үндсэн хуульд УИХ-ын даргыг огцруулах хэд хэдэн шалтгааныг дурдсан байдаг. Тухайлбал, нас барсан, мөн өөр ажилд шилжсэн бол өөрийн хүсэлтээр огцордог.

Мөн Үндсэн хуулийн цэц огцруулах үндэслэлтэй гэж шийдвэр гаргавал огцрохоос гадна гэмт хэрэг үйлдсэн нь үйлдэл дээрээ нотлогдвол ажлаа өгдөг хуультай. Нэг талаас парламентын тогтвортой байдлыг хангах үүднээс ингэж оруулсан байж болох ч нөгөө талаас харвал хэм­жээлшгүй эрх мэдэл зөвхөн УИХ-ын даргад хадгалагдаж байлаа. Тэгвэл энэ Тиймдээ ч өөрийгөө “хаан” хэмээн эндүүрсэн нэг хүн УИХ-ын даргын суудлаасаа салахгүй зууралдаж, нэг хүний эрх ашгаас болж нийт улсаараа гудамжинд хүртэл гарч тэмцлээ.

М.Энхболд гэж хүний эрх мэдлийн төлөөх шуналаас болж төрийн ажил хүртэл бүтэн сараар гацаанд ороод байгаа юм. Тиймдээ ч Ерөнхийлөгч цаг үеэ олж хуулийн төсөл өргөн барьж, гацааг арилгах нь хэмээн олон нийт талархан хүлээж авч байна. УИХ дахь хоёр намын бүлэг ч дэмжинэ гэдгээ хэлж байгаа юм. Тухайлбал, хуулийн төслийг өргөн барьсны дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төрийн ажил гацаанд орсон. Гацаанаас гарах хоёр л зам байна. Нэг бол УИХ-ын гишүүд өөрсдөө санал гаргаад Их хурлаа тараах ёстой. Эсвэл Ерөнхийлөгчийн өргөн барьсан төс­лийг хэлэлцэхээс өөр аргагүй. Нэг болгоомжлол бай­гаа нь Их хурлын дархлаа сулрах вий.

Үүнийг бас бодолцох ёстой” гэв. Харин МАН-ын бүлгийн хууль ёсны дарга Д.Тогтохсүрэн “Бид хуулийг бүлгээрээ хэлэлцэнэ. Дэмжиж байгаа. Ирэх долоо хоногт чуулганы хуралдаа сууна” гэж мэдэгджээ. Тэгэхээр төрийн ажил энэ долоо хоногоос эргэж хэвийн байдалдаа орох бололтой. УИХ-ын дарга М.Энхболд өнгөрөгч долоо хоногт хуулийн төслийг хүлээж авсан бөгөөд хуулийн дагуу холбогдох байнг­ын хороодын хуралдаанд оруула­хыг даалгажээ. Энэ ёсоор өнөөдөр намын бүлгүүд эхлээд хуулийн төслийг бүлгээрээ хэлэлцэж, дэмжих эсэхээ шийднэ.

Мөн УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хэлэлцэх асуудлын дараалалд оруулах ёстой гэж үзвэл байнгын хороо болон чуулганаар хэлэлцдэг хуультай. Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж ирэх үү, эсвэл М.Энхболд даргын ширээнд хийгээд мартах уу гэдэг нь сонирхолтой байх нь ээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд хуулийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулна гэсэн санал гаргасан тохиолдолд хэлэлцэнэ гэсэн үг юм.

Хэрвээ байнгын хорооны дарга санал гаргахгүй бол хэлэлцэх асуудлын дараалалд орж ирэхгүй, мөн дэмжихгүй. Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд орж гэмээнэ М.Энхболдыг эсэргүүцсэн МАН-ын бүлгийн 33, Ардчилсан намын найман улстөрч, сул гишүүн Ж.Батзандан, С.Жавхлан нар нэгдэж нийлээд хуулийг ногоон гэрлээр батлуулах билээ. Энэ тохиолдолд сугардаггүй хүн суудлаасаа бууж, төрийн ажил ч хэвийн үргэлжлэх боломж бүрдэх учиртай. Нөгөөтээгүүр, М.Энхболд дарга яарч сандран хуулийг хэлэлцүүл гэж чиглэл өгснийг бодвол энэ төслийг хэлэлцэх явцад дэмжихгүй унагах тохироо ч хийгдсэн байх  магадлал өндөр.

Ийм утга санаа бүхий ярилцлага ч эхнээсээ гарч эхлэв. Тухайлбал, УИХ-ын Тамгын газрын дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа “зөрчилтэй асуудал гарчихлаа” хэмээжээ. Нэг үгээр хэлбэл, ЕТГ-аас хуулийн төслийг оруулж ирэхдээ УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах байсан аж. Гэтэл Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулна гээд ороод иржээ. Энэ нь зөрчил гэнэ. Эндээс дүгнэвэл начир дээрээ хуулийн төслийг уриалгахан хүлээж авсан ч эргээд “Энэ чинь хууль зөрчөөд ороод иржээ. Уг нь бид дэмжих байсан юм” хэмээн хуулийг нь унагачихаад, суудалдаа бат суугаад үлдэх вий гэсэн болгоомжлол ч бас байна. Тэр тохиолдолд УИХ ёстой л Д.Эрдэнэбат гишүүний хэлсэнчлэн өөрсдөө санаачилгаараа тарахаас өөр сонголтгүй болох билээ.