ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзахаар орлоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-09

МАНАН дэглэмийн эсрэг тэмцлийн жагсаал өнөөдөр болж байгаа билээ. Төв талбайд иргэд цугласаар байгаа бөгөөд маш олон хүн цуглажээ. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболд жагсагчдын төлөөлөлтэй уулзахаар болжээ. УИХ-ын Тамгын газрын дарга н.Цолмон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай ярьж, уулзахад бэлэн гэдгийг хэлжээ.

Улмаар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нар М.Энхболд даргатай уулзахаар өрөөнд нь орлоо. Энэ үеэр Ж.Батзандан гишүүн “УИХ-ын таван гишүүн, иргэдийн төлөөлөл болсон дөрвөн хүн уулзахаар ирээд байна.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд жагсаал хийх үеэр М.Энхболд дарга жагсагчдын төлөөлөлтэй уулзаагүй. 300 хүн өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн. 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүмүүс гэрээ барьж суулт хийнэ гээд ирчихлээ. Ард түмэн МАНАН дэглэм, Манжийн дарангуйлал, тэр ч байтугай коммунист дэглэмд бууж өгөөгүй юм. Одоо ч бууж өгөхгүй” гэв.