ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Болд: Хоёр дахь долдугаар сарын 1-нийг М.Энхболд хүсэж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-09

МАНАН дэглэмийн эсрэг жагсаал зохион байгуулсан нэр бүхий гишүүдийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзахаар болсон билээ. Тэгвэл жагсагчдын төлөөлөлтэй уулзахдаа 30 хуудас бүхий ажлын тайлан өгч, ажлаа өгөхгүй гэдгээ мэдэгдсэн аж. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд мэдээлэл өглөө.

Л.Болд гишүүн хэлэхдээ “Бид жагсагчдад энэ мэдээллийг өгнө. Үндсэндээ 40-50 гэр барьж хугацаагүй суулт зарлана. Ард түмнийг ямар зүйлд турхирч байгаагаа мэдэхгүй байгаа бололтой. Н.Номтойбаяр нарын гишүүд энд тэнд хүмүүс дуудан уулзаж байгаа бололтой. Ард түмний эсрэг ард түмнийг турхирах гэж байна. Цэрэг хүчний байгууллагыг бэлтгэж байгаа сураг дуулдлаа. Хоёр дахь долдугаар сарын 1-нийг энэ хүн хүссэн бололтой. Бидний хараа хяналтаас гарлаа гэж хэлж болно. Энэ бүхний дараа М.Энхболд гэж хүн буруутан болно шүү. Үймээн самуун өдөөн хатгалга болох вий гэсэн айдас байна” гэсэн юм.

Мөн Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Эмх замбараагүй байдал үүсэх вий гэсэн айдас байна. Ард түмний бухимдал юу болж задрахыг би хэлж мэдэхгүй. Энэ хүнд хайрлах энэрэх, өрөвдөх сэтгэл байдаггүй бололтой. Гадаа хэдэн хүн жагсаж тэмцэж байгааг ч мэдэхгүй сууж байна. Бид ард түмэнтэй хамтраад өлсгөлөн зарлана гэдгээ хэллээ. Намайг ямар ажил хийснийг наад хүмүүстэй уншиж танилцуул гэж 30 хуудас цаас өглөө. Бидний дунд ширүүхэн маргаан өрнөлөө. Энэ хүн шиг төрийн зүтгэлтэн дахиж олон битгий төрөөсэй. Одоо бид ҮАБЗ-ийн нөгөө хоёр хүнтэй уулзана. Жагсаалын хамгаалалт зэргийг эргэж ярих ёстой болж байна. Үймээн самуун гарахгүй гэж итгэж байна” гэв.