Өнгөрсөн 2016 оны аравдугаар сарын 24-нд Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгууль болсон юм. Тухайн үед 10 дугаар тойрогт нэр дэвшсэн А.Эрдэнэсайхан, 19 дүгээр тойрогт нэр дэвшсэн Х.Өлзийхорол нар нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон тул Улсын дээд шүүхээс тухайн тойргуудад дахин сонгууль явуулах нь зүйтэй хэмээн шийдсэн билээ.
Тэгвэл энэ талаар нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга И.Баттөгс нар мэдээлэл хийж, Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойргийн дахин сонгуулийг энэ сарын 23-ний өдөр зохион байгуулахаар болсон аж.
Дахин сонгуульд дөрвөн намын найман төлөөлөл нэрээ дэвшүүлжээ. Мөн дөрвөн хүн бие даан нэр дэвшиж буй аж. Өөрөөр хэлбэл, нэг тойрогт зургаан нэр дэвшигч өрсөлдөнө гэсэн үг. Хоёр тойрогт санал авах таван байр байгаа бөгөөд нэр дэвшигчид энэ сарын 21-ний өдрийн 00.00 цагт сурталчилгаагаа зогсоох ёстой хэмээлээ.