ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв, буруу

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-05

Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх ёстой, элсэх ёсгүй гэсэн байр суурь нийгэмд тархаад байгаа билээ. Тиймээс аль нэг талыг нь дэмжилгүй Монгол Улсын гадаад бодлого, эрх ашиг, эдийн засагт ямар үр нөлөөтэй юм бэ гэдэг талаар дипломатч, улстөрч, эрдэмтэн  судлаачдын байр суурийг хүргэж байна. 

Ч.Даваадаш: Монгол Улсын үндэсний  эрх ашигт нийцнэ

Caption

/Дипломатч, доктор, профессор/

-ШХАБ-д манай улс ажиглагчаар олон жил явлаа. Одоо олон улсын байдал ихээхэн өөрчлөгдөж, маш ээдрээтэй болж  байна. Өөрөөр хэлбэл, өчигдрийн зүйл өнөөдөр үгүй болж байх жишээтэй. АНУ, БНХАУ, ОХУ-ын  бодлого, байр суурь,  Европ, Арабын орнуудын  байдал ч  өөр болж, шинэ  нөхцөл үүсч байна. Ер нь олон улсын байдал тун  эгзэгтэй, санамсаргүй тохиолдлын аюул гарч ирэх эрсдэлийн төвшин өндөржиж байна. АНУ-БНХАУ, АНУ-ОХУ, АНУ-Арабын орнуудын  хоорондын өнөөгийн  харилцааг харвал урьдчилж таахын аргагүй нөхцөл байдал үүсч мэдэхээр байна. Энэ тохиолдолд бид бүс нутагтаа өөрийн байр сууриа бэхжүүлэх учиртай. Бүс нутагтаа бид ганцаардаж, өөрөө өөрийгөө салан тусгаарлаж болохгүй. Бид тэртэй тэргүй хоёр их гүрний хооронд "өндөгний доторх шар" шиг амьтад шүү дээ. Энэ нь хаанаас ч нэвтрэх орон зай үгүй гэсэн үг.  Тиймээс бид энэ дотроос дэлбээлж гарч ирвэл аз. Хэрвээ ингэж чадахгүй бол байдал тиймэрхүү л  байх болно. БНХАУ-ын зүгээс “Нэг бүс, нэг зам” гэх аварга том төслийг хэрэгжүүлж байна. Зарим нь болгоомжлоод ШХАБ-д орвол дарамт, шахалт үзүүлнэ гээд яриад байгаа. Энэ их хоёр гүрэн дарамт, даралтаа үзүүлэхдээ хүрвэл ШХАБ-д орсон ороогүйгээс шалтгаалахгүй. Тэгэхээр бид бүтэц дотор нь орж, идэвхтэй үйл ажиллагаа явуулаад, ШХАБ-ын жинхэнэ гишүүн болоод тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь оролцоод явах нь зүйтэй. Ер нь  ШХАБ-д орох нь ашигтай энэ тэр гэхээсээ илүүтэй “орох нь зүйтэй” гэсэн үүднээс хандах нь чухал. Энэ асуудлаар Монгол Улс өөрийнхөө байр суурийг тодорхойлоод явахад болохгүй зүйл үгүй. ШХАБ-д элсээд жинхэнэ гишүүн болоод явах нь Монгол Улсын үндэсний  эрх ашигт нийцнэ. Харин үүнд ухаантай, судалгаатай хандах хэрэгтэй.

С.Баясгалан: Гадаад бодлогыг ШХАБ-тай холбож ойлгох нь өрөөсгөл 

Caption

/МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, доктор/ 

-Геополитикийн талаас судалж үзвэл ШХАБ нь Евразийн хүчнүүдийг нэгтгэсэн холбоо юм. Үүнд гол хоёр тоглогч нь ОХУ, БНХАУ. Монгол Улсын хувьд газар зүйн нөхцөл байдлыг нь харвал хоёр том гүрний дунд төдийгүй Азийн төвд оршдог улс юм. Энэ талаасаа харвал бид хэзээ нэгэн цагт ШХАБ-ын гишүүн улс болох нь тодорхой. Учир нь бид далайд гарцгүй, аливаа харилцаа хоёр хөршөөр дамжин явах нь тодорхой. Гол асуудал нь ШХАБ-д элсэх цаг нь мөн үү гэдэгт байгаа юм.  Монгол Улсын гадаад бодлогын гол анхаарал нь хөрөнгө оруулалт, чөлөөт худалдаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн чиглэл. Энэ утгаараа Монгол Улс бүс нутгийн интеграцид элсэхийг хичээж ирсэн. Үүний нэг тод илрэл нь АПЕК-т элсэхээр өргөдлөө өгчихсөн байгаа. Харамсалтай нь АПЕК шинэ гишүүн элсүүлэхгүй байгаа. ШХАБ анх 2001 онд байгуулагдахдаа хилийн маргаан, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, терроризмын асуудлыг гол анхаарч ирсэн. 2003 онд болсон Ерөнхий сайд нарын Зөвлөлийн хуралдаанаас “Гишүүн орнуудын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр” баталж гаргасан ч бүс нутгийн аюулгүй байдлын салбар дахь үйл ажиллагаа түлхүү явуулдаг.  ШХАБ-ын орон зайд эдийн засгийн бодлого хэрэгжүүлж байгаа хоёр том орон нь ОХУ, БНХАУ юм. ОХУ-ын талаас энэ нь Евразийн эдийн засгийн холбоо, харин БНХАУ-ын талаас “нэг бүс нэг зам” юм. Гэхдээ хоёр хөршийн эдийн засгийн хөшүүргээр тус бүс нутагт нөлөөгөө тогтоох бодлого ШХАБ-ын дүрэмд заасан бодлоготой нийцэж байгаа болохоос ШХАБ-ын бодлого биш.  ШХАБ-ын орон зайд эдийн засгийн хүчтэй орон ч байхгүй, дэд бүтцийн хувьд ч ЗХА болон АНД бүсүүдтэй харьцуулахад маш сул хөгжсөн орон зай юм. Харин хөрш хоёр орон ШХАБ дээр тулгуурлан өөрсдийн бодлогоо хэрэгжүүлж, нөлөөгөө өргөтгөх бодлого баримталж байна. Тэгэхлээр Монгол Улсын хувьд ОХУ-тай харилцаж, Евразийн эдийн засгийн холбоонд элсэх, мөн БНХАУ-тай харилцаж, “Нэг бүс нэг зам” төслийн хүрээнд Монголын хоёр эдийн засгийн бүс болох Алтанбулаг, Замын-Үдийг холбосон эдийн засгийн корридорыг байгуулах нь илүү ашигтай болов уу. Хоёр хөршийн явуулж буй гадаад бодлогын хүрээнд эдийн засгийн гадаад бодлогыг ШХАБ-тай холбож ойлгох нь өрөөсгөл гэж ойлгож байна. 

Н.Алтанцэцэг: Миний хувьд эрт юм шиг санагдаж байна

Caption

/МУИС-ийн ОУХНУС-ийн багш, доктор, профессор/

 -ШХАБ-д манай улс 2004 оноос ажиглагчийн статустай явж байгаа. Энэ байгууллагад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг улс орон бол манай хоёр хөрш. Анх үүсгэн байгуулагдахдаа шинээр тусгаар тогтносон  төв Азийн орнуудтай хамтарсан. Гол зорилго нь аюулгүй байдал түүнээс гадна шинээр үүсэн бий болсон улс орнуудын хилийг тогтоох, лалын түрэмгийллээс хамгаалахаар байгуулагдаж байсан юм. Мөн Монгол Улс нэгдүгээр лалын улс биш. Хоёрдугаарт шинээр үүсгэсэн ШХАБ-д орсон төв азийн орнуудыг бодвол тусгаар тогтносон улс. Тиймээс ШХАБ-д элсэх шаардлага байгаагүй. Ийнхүү явсаар ШХАБ хөгжсөөр Монгол Улс, Иран, Энэтхэг, Афганистан зэрэг орноор  ажиглагчийн хүрээ нэмэгдсэн. Ингээд 2017 онд Энэтхэг, Пакистан хоёр гүрэн элсэн орсон. Тэгэхээр ШХАБ үүссэн цагаасаа хойш өнөө хэр нь эдийн засгийн механизм болсон уу гэвэл би чадаагүй гэж хэлнэ. Монгол Улс эдийн засгийн хүрээнд хамтарч ажиллахад бэлэн ч хууль эрх зүйн орчин бүрхэг байсан юм. Гэтэл өнөөдөр ШХАБ-д элсэх нь зөв, буруу гэсэн байр сууринаас хандаж байх шиг байна. Судлаач хүнийхээ хувьд нарийн үндэслэлтэй судалгаа хэрэгтэй гэж хэлнэ. Харин улс төрийн хувьд аваад үзэхэд, мэдээж хэрэг БНХАУ, ОХУ, төв азийн орнууд, Энэтхэг, Пакистаныг  хамруулсан. Мөн Беларусь, Иран ажиглагчаар орж ирнэ гэх мэтээр их тэлж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг эргэн тойрсон эх газарт ШХАБ үндсэндээ бүрхчихлээ. Тэгэхээр манайх цэнхэртээд ажиглагчийн статустай байгаад байх уу. Ингээд бодохоор Монгол Улс хүссэн, хүсээгүй ШХАБ-д орох нь гарцаагүй гэсэн байр сууринаас бас хандаад байна. Манай улс гишүүн нь болчихлоо гэхэд ШХАБ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны механизм өнөө хэр нь  бүрхэг байна. БНХАУ гол үүрэгтэй оролцож байгаа. “Нэг зам нэг бүс” стратегийн хүрээнд ШХАБ-ын бүх орнуудыг хамруулаад Хятад улс хөрөнгө оруулалтаа хийж байна. Тэгэхээр ШХАБ Хятадын хөрөнгө оруулалтгүй, дэмжлэггүйгээр явахгүй. Тиймээс Монгол Улс ШХАБ-д бусад орнууд нэгдчихлээ гэдэг утгаар яаран гишүүн болох нь миний хувьд эрт юм шиг санагдаж байна. Монгол Улс шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоотой, судалгаатай, улс орны эрх ашгийг дээгүүрт тавьсан бодлого чухал. 

Б.Санжмятав: Монгол Улс гишүүнээр элсэх цаг нь болсон

/Эдийн засгийн ухааны доктор, профессор/

-ШХАБ-д Монгол Улс гишүүнээр элсэх цаг нь болсон. Учир нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн гол хандлага нь даяаршил зогсоод бүс нутгийн интегралчлал хөгжиж байна. Манай улс бүс нутгийн интегралчлалд үндсэндээ оролцохгүй явж байгаа. Дэд бүтцүүд нь  холбогдоогүй бусад орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, эдийн засгийн холбоонд орох гэдэг асуудал байхгүй. Ганцхан Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Энэ нь манай улсын хувьд ашиггүй байгаа юм. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн болоод улс төрийн бодлогын төв хойд Америк Европоос Евро ази руу шилжиж байгаа. Шилжиж байгаа орон зай нь хаана байна вэ гэхээр ерөөсөө ШХАБ-ын гишүүн орнуудын эзлээд оршиж буй орон зай. АНУ-ын Тагнуулын төв газрын дэргэдэх судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 2050 он гэхэд нэгдүгээр эдийн засаг   БНХАУ. Харин хоёрдугаар эдийн засаг нь Энэтхэг улс юм. Бусад нь энэ хоёр орны араас жагсаад явахаар байгаа. БНХАУ+АНУ  Европын холбоотой тэнцэхээр тийм том болно. Энэтхэг үүнээс жаахан дутуу ч гэхдээ АНУ, Европын холбооноос том болох юм. Тэр үед ОХУ Япон улсын төвшинд очно. Ингэхээр дэлхийн бодлогын төв тэр чигээрээ ШХАБ-ын эзэлж байгаа орон зайн дээр орж ирнэ. Мөн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ирж байгаа. Энэ нь үйлдвэрлэл үйлчилгээг, дизайн зургаас нь гаргахаас эхлээд, түүхий эдээрээ хангагдах, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, хэрэглэгчдэд хүргэх бүх сүлжээ нэг программаар явагдах юм. Энэ нь бүс нутгийн интегралчлал дээр суурилна. Хэрвээ бүс нутгийн интегралчлалд орж чадахгүй юм бол энэ сүлжээнд орж чадахгүй. Ингэхийн тулд Монгол Улс ШХАБ-д элсч энэ орон зайгаа эзлэх ёстой.

Л.Болд: Байр сууриа илэрхийлэх, бодлогоо тодорхойлох ёстой 

/УИХ-ын гишүүн/  

-Бид ШХАБ-ын хүрээнд ажиглагчийн статуст сэтгэл хангалуун байна гэж үзэж байсан. Харин одоо  ШХАБ-ын өөрийнх нь шинэчлэл, бүс нутаг, олон улсын нөхцөл байдал зэрэг олон талаас өнөөдөр Монгол Улс дахин өөрийн байр сууриа илэрхийлэх, цаашдын бодлогоо тодорхойлох цаг нь болсон. Олон нийт, төр засаг ч байр сууриа тодорхой болгох ёстой. ШХАБ-д элсэх асуудалд хоёр талцаж, аль нэг тал нь дийлэх, давамгайлах гэсэн зүйл байхгүй. Одоогоос арав гаруй жилийн өмнө  жилийн өмнө бүс нутгийн байдал өөр байсан. Энэ бүст болж байгаа бүх үйл явдлаас харж байхад өнөөдөр маш том өөрчлөлт орж байна. Энэтхэг, Пакистан хүртэл ШХАБ-д элсч байгаа нь тохиолдол биш. Гэтэл бид үүдний өрөөнд мэдээлэл сонсоод, хүлээгээд суух биш дахин сайн бодож, цаашдын энэ процесст ажиглагчийн байр сууринаас бус чиглүүлэгч, оролцогчийн байр сууринаас хандаж, эрх ашгаа ШХАБ дотор оруулж, идэвхтэй байр сууринаас хандах уу гэдгээ бид шийдэх гэж байна. Өмнө нь ШХАБ-д элсэхэд сул талууд бол байсан. Энэ байгууллагад байдаг улсуудын нийгмийн байгууламж нь өөр, удирдагчдын хувьд бүрэн ойлголцолгүй. Монгол Улс ШХАБ-д ороод ганцаардах вий гэсэн болгоомжлол байсан. Энэ бүх сул тал өнөөдөр бүдгэрчихсэн байна.

Ц.Мөнх-Оргил: ШХАБ-д элсэх шаардлагагүй

/УИХ-ын гишүүн/

-ШХАБ-ын үүссэн түүх, одоо байгаа байдал, цаашдын замналыг хараад байхад энэ байгууллага нэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн байгууллага болох өндөр магадлал байна. Мөн  энэ байгууллагад элсэх эсэх асуудлыг олон талаас нь судлах ёстой. Өнөөдөр дотоод, гадаад улс төрөө харж биш, дунд болон урт хугацаанд их гүрнүүдийн харилцаа яаж хөгжих, ерөнхий хандлага хаашаа явах, энэ хандлагаас болоод манайд ямар дарамт шахалт ирэхийг тооцоолох хэрэгтэй. Би  одоохондоо ШХАБ-д элсэх шаардлагагүй гэж үзэж байна. Өмнөх Засгийн газар ч тийм байр суурьтай байсан. Яагаад гэвэл Монгол Улс ажиглагч байхдаа энэ байгууллагаас хангалттай мэдээлэл авч байсан. Тэгэхээр бүрэн эрхт гишүүнээр элсэх, ажиглагч байхын ялгаа нь манайд мэдрэгдэхгүй. Гадна талдаа бол хоёр том хөршийн нөлөөнд бүрэн автаж байна гэдэг зураглал харагдана. Түүнчлэн энэ байгууллага хаашаа хөгжих гээд байгаа сайтар харах ёстой. Өнөөдөр бодит амьдрал дээр хүйтэн дайн эхэлчихлээ. Энэ хүйтэн дайн дахиад хэдэн жил ч үргэлжилж мэдэхээр байна. Дайн сонгодог утгаар өрнөөд явах юм бол манайх шиг жижиг орнуудад асар их нөлөөтэй. Бид бүх түүхээрээ хоёр том их гүрний хэт их нөлөөнд орохгүйн төлөө тэмцэж ирсэн.  Энэ гуравдагч хөршийн бодлогод ямар нөлөө орж ирэхийг олон талаас нь судлах хэрэгтэй.