АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 10-нд саатуулж, шүүхээс хорих хугацааг энэ сарын 9-нийг хүртэл сунгасан. Гэвч, ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан экс сайдуудын биеийн байдал муудаж, ээлж дараалан гуравдугаар шатлалын эмнэлэгт шилжиж хэвтсэн юм.
Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлээр С.Баярын багтраа өвчин сэдэрч Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтсэн бол өчигдөр Ч.Сайханбилэг мөн тус эмнэлэгт яаралтай хагалгаанд орох шаарлагатай гэсэн шалтгаанаар хүргэгдсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр,экс сайд Ч.Сайханбилэг маргааш яаралтай хагалгаанд орохоор болсон ажээ.
Экс сайдуудыг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.