ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монголын мафийг хэн хамгаалж байна?!

Г.ЖАМЬЯН
2019-04-23

Хэдэн жилийн өмнө О. Баасанхүү гэж залууг Монголын парламентад ороод ирэхэд хэн хүнгүй л баяртай угтсан. Хуульч мэргэжилтэй, хэл ярианы овоо соёлтой, шударга хүн ороод ирэв үү гэж би хүртэл баярлаж байж билээ. Өнөөдөр эргээд харсан чинь О.Баасанхүү гэдэг хүн огт танигдахгүй өөр болсон байна. “Би”-гээр өвчилсөн, “би”-гээр дархлагдсан “би”-гээр жанжлагч болон хувирчээ. Бидний л буруу. Монголын парламент, Монголын мафи л энэ хүнийг ийм болгочихлоо. 

“Намаасаа” ганцаараа байгаа юм, нас нь залуу юм, хуульч мэргэжилтэй юм” гэж өрөвч хайрын сэтгэлээр хандсаар байгаад өр рүүгээ өшиглүүлдэг байгаа. Бид чинь сүүлийн  жил гаруй хугацаанд “нийгмийн ялгарал” дунд амьдарлаа. Монголыг гадныхантай хамсан гучин жил дээрэмдэж идсэн Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр нарын толгойлсон мафийн сүлжээг халахын төлөө л тэмцлээ. Энэ олон жил улс гүрнээ, эзэнгүй хонинд орсон чоно шиг цөлмөсөн мафийн сүлжээ чинь ямар их эсэргүүцэл үзүүлэв дээ. Монголын хөрөнгө мөнгөний тал хувийг барьж суугаа тэд тийм амар зайгаа тавиад өгчихдөггүй юм байна.

Ёстой л “шүдээ хүртэл зэвсэглэсэн” мафийнхны эсрэг У.Хүрэлсүх, Л.Оюун–Эрдэнэ, Т.Аюур­сайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар тэргүүтэй залуу­чууд, Ц.Нямдорж тэргүүтэй ах­мадууд тэмцэж байж арай ядан гинжийг нь тасалж, хууль хяналтын байгууллагын хамгаалагчдыг за­хаас нь зайлуулж эхэллээ.

Энд л нийгэм ялгардаг юм байна. Алтан абажуртай болтлоо, арван хаустай болтлоо, сая доллар мартталаа, сар болгоны нас барагсдын мөнгөөр баяжталаа Монголыг цөлмөгсөд, тэднээс алдар цол албан тушаал, их мөнгө, үл хөдлөх хөрөнгө авсан хүмүүс нэг талд ялгарлаа. Энэ мафийн сүлжээг ямар ч үнээр хамаагүй амиараа дэнчин тавиад ч болсон тасалж устгахын төлөө тэмцэгчид нөгөө талд нь ялгарлаа.

Би энэ ялгарал дундаас, онцгой тод, огторгуйн “хар нүх” болтлоо тодорч байгаа О.Баасанхүү гэж гишүүнийг л бичих гээд байгаа нь энэ юм. Энэ хүнд бид бүгд хууртжээ. Эрдэнэтийнхэн ч хууртаж. Энхбаярын намынхан ч хууртсан байна. Сүүлийн хэдэн жилд эх орон их бүтээн байгуулалтын өлгий нутаг Эрдэнэт харлаж харагдаж байлаа. Эрдэнэтийн мянга мянган иргэдийг харлуулж харагдуулж байлаа. Энэ бол “С.Зоригийн хэрэг”, “Эрдэнэтийн алуурчид” л гэнэ.” Эрдэнэтийн галдан шатаагчид” л гэнэ. “Эрдэнэтийн аллага” л гэнэ. С.Зоригийг хөнөөсөн хэргийн урд заавал “Эрдэнэт” гэдэг тодотгол явах болсон нь нууц биш.

Миний хувьд “Энэ аймшигт аллагын жинхэнэ захиалагч, алуурчдыг үнэн мөнөөр нь илрүүлээд, Эрдэнэтийг, түүний мянга мянган иргэдийг харлуулсан нэрнээс нь салгаж өгөөсэй. Гэм зэмгүй хэрнээ тамлагдаж байгаа Эрдэнэтийн иргэдийг ял янганаас салгаж өгөөсэй” гэж хүсч байсан. Эрдэнэтийн нэрийг цэвэрлэхийн төлөө хамгийн эхэнд дуугарч, хамгийн эхэнд тэмцэх хүмүүс бол Орхон аймгийн ард түмний итгэлийг хүлээн сонгогдоод УИХ-д сууж байгаа О.Баасанхүү, О.Содбилэг, Д.Дамба-Очир гурвыг л гэж харж байсан. Гэтэл тэд Эрдэнэтийн төлөө, Эрдэнэтийн зовж элсэн иргэдийн төлөө огт дуугараагүй. О.Содбилэг талийгаач аавынхаа нэр гараад ирэхээр л нэг сүржин мэдэгдэл хийгээд замхарсан.

Ердөө л хувиа бодсон хүн юм билээ. Д.Дамба- Очир ч хувийн юмандаа бол хошуу хуруу хоёр  нь уралдаж байдаг хүн л дээ. Эрдэнэтийн төлөө “эвэр хошуул”-чихаад суугаад байдаг. “Очир төвийн аллага”, “ЖДҮХС–ийн хулгай” хэргүүдийг нь шинээр томилогдсон хуульчид сайн шалгах хэрэгтэй юм гэж боддог. Монголын парламентад хамгийн хэрүүлч увайгүй хүнийг сонгосон эрдэнэтчүүдийг би гайхаад байгаа юм. Эрдэнэтийн төлөө, С,Зоригийн хэргийн үнэн мөнийн төлөө дуугарвал, мөн ч хүчтэй дуугарч болмоор хүн бол О.Баасанхүү яалтгүй мөн.

Даанч түүнд сэтгэл дутдаг. Өөрийгөө рекламдаж байвал, өөр юу ч түүнд хэрэггүй. Ц.Нямдорж тэргүүтэй, Монголын парламентын хэдэн нас тогтсон улстөрчдийг О.Баасанхүү, Ж.Мөнхбат нар яаж ялгаварлаж доромжлов?!   Ө.Энхтүвшин, Д.Лүндээ­жанцан, Ц.Нямдорж, Д.Тэрбиш­дагва, Ч.Улаан, Н.Энх­болд нарыг хараад л нүд нь хорсоод байгаа бололтой юм. Энд би нэг зүйлийг онцолж хэлье. Миний бие парламентын сурвалжлагч байхдаа төрийн буянаар хэд хэдэн улсын парламентын ажиллагаатай танилцаж байлаа. Парламентын гишүүдийн гуравны хоёр нь настай, цагаан толгойтой, зарим нь таяг тулсан өвгөд хөгшид байх юм билээ.

Ажил үйлсээрээ шалгарсан сайн хуульч, залуучууд байдаг л байх. Гэхдээ О.Баасанхүү шиг орилж чарлаад дэвхцээд байдаг залуу хүн байдаггүй юм билээ. Би ард түмэндээ захихад дараагийн сонгуулиудад өндөр мэдлэг мэргэжилтэй, өв тэгш залуучуудаас гадна нас тогтсон буурь суурьтай ахмад, дунд үеийнхнийг сонгоход буруудахгүй байх гэж бодож байна. О.Баасанхүү гишүүндээ захихад “Ахмадуудаа битгий адалж бай. Залуу нас гэдэг чинь үүлэн чөлөөний нар шиг л өнгөрдөг юм байна. Нэг л мэдэхэд та ч гэсэн ахмадын эгнээнд жагсчихсан байхыг үгүйсгэхгүй.

Харин ийм хэрүүлч өвгөн битгий болоорой” гэж захимаар байна. Яг үнэнийг хэлэхэд Ц.Нямдорж шиг “долоо шархалсан чоно” УИХ-д байгаагүй бол, түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж эрх мэдэл өгөөгүй бол энэ Монголын мафи чинь дахиад хорь гучин жил биднийг дээрэмдэж, дахиад хэч­нээн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг тамлан зовоох байсан бол гэхээс зүрх шархирч байна шүү дээ. “Центрпоинт”-ын гэхчлэн олон удаагийн том хэргийг ил­рүүлж, арга хэмжээ авсан, том сүлжээнүүдийг устгасан, өнөөдөр С.Зоригийг хөнөөсөн хэргийн жинхэнэ эздийг олох зөв голдрилд оруулсан Ц.Нямдоржид баярлахаас яах юм.

Ингэхэд О.Баасанхүү та эсэргүүцэн байд­гаараа уур­лаж, Байн­гын хорооны ху­рал дээр Ц.Ням­доржийг хамаг муухайгаар доромж­лоод, ху­рал хаяад гарч байх юм. Зөвхөн надад биш, Монголын ард түмэнд муухай харагд­лаа. Эрдэнэтээс найз нөхөд маань утасдаж бай­на. “Бид ийм хүнийг УИХ-д сон­го­сон­доо ха­рам­саж, толгойгоо шааж сууна” гэж. Тэгэ­хээс яахав. Уул нь Ц.Нямдорж биш, Эрдэнэтээс сон­гогд­­сон О.Баасан­хүү л хилсээр там­луулж байгаа ир­­гэ­дийн­хээ тө­лөө хэдэн жилийн өм­нөөс “чөмгөө дун­дар­тал” тэмцэж байх ёстой бай­сан биз дээ. Түүнд бүх эрх мэдэл бай­сан. 

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга гээд хамаг  чухал өргөдөл гомдол, мэдээ мэдээллийг атгаад сууж байсан. Тэр дунд С.Зоригийг хөнөөсөнтэй холбоо бүхий өргөдөл гомдол маш их байсан. Би хүртэл “Улстөрийн аллага №2”-оо аваачиж өгсөн, ширээн дээр нь дэлгээтэй байсан. Тэгэхэд надтай энэ аллагын тухай ярилцалгүй бүтэн цаг “хуулийн зөвлөгөө” өгөөд л гаргаж байлаа.

Өөрийнх нь талархан дэмждэг, ямар ч үнээр хамаагүй хамгаалдаг мафийнх нь тухай биччихсэн гэдгээ сүүлд л ойлгосон. Тэгээд ч өнөөдөр С.Зоригийн хэргийг үнэн мөнөөр нь илрүүлэхсэн гэж, чадан ядан зүтгэж байгаа хүмүүсийг хамаг муу муухайгаар дайрч доромжлон түр хороонд хүртэл оруулахгүй гэж байгаа нь сонин санагдах юм. Монголчуудад их үнэн үг байдаг юм. “Уул үзэлгүй хормой шууж, ус үзэлгүй  гутал тайлах” гэж. Монголын парламентад олон л залуучууд орж гарч байсан. Би хувьд О.Баасанхүү шиг “эвдэрсэн” хүнийг үзээгүй юм байна. Өнөө жил Щвейцарьт парламентын өндөр дээд түвшний айлчлалд оролцоод ирсэн. Сайхан айлчлалынхан сайн сайхан мөртэй ирдэг. Тэгтэл бөөн хэрүүл. Айлчлалд оролцсон төлөөлөгч Т.Аюурсайхан “Щвейцарийн парламентаас С.Баярцогтын оффшор дансны таван хуулгыг авчирсан” гээд мэдэгдчихжээ. Түүнийг нь АН-ын Б.Пүрэвдорж, бас О.Баасанхүү хоёр өлгөж аваад хэвлэл мэдээллийн хэрэгслээр балбаж өгнө билээ.

Тэр нь сүртэй ч юм биш билээ. Юмыг буруу тийш нь хазайлгаж, харлуулахыг хайж явдаг хүмүүст бол том “олз” юм биз дээ. Хоёр улсын хууль хяналтын байгууллагууд өмнө нь тохироод, баримт бичгийг айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, оффшорын асуудал хариуцсан Т.Аюурсайхан хоёрт гардуулаад өгчихсөн аж. Атаархаж ч байгаа юм уу, Т.Аюурсайханыг харлуулах гэж ч байгаа юм уу, бөөн хэрүүл тарьсан. Т.Аюурсайханы тухайд бол УИХ-д өнгө мөнгөөр ороод ирчихсэн зарим нөхдийн дэргэд бол “үзүүр тохой өндөр” хүн л дээ. Зарим ядмагхан хүмүүс атаархдаг ч байж болох юм.

Т.Аюурсайхан бол гадаад улсын 4-5 хэлээр ярьж, бичдэг, мэдлэг мэргэжлээрээ докторын зэрэг хамгаалсан, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан, Монголын төрд жинхэнэ бэлтгэгдсэн хүн. Шулуун шударгаараа шалгарсан хүн гэдгийг манай ард түмэн харж байгаа. Ийм л хүнийг хэрүүлийн бай болгох нь О.Баасанхүү мэтэд хэрэгтэй байсан байх. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ёстой л сагаж өгнө билээ. УИХ-ын удирдлага О.Баасанхүүг айлчлалдаа гуйж оруулсан гэнэ. Орохгүй ч байсан яадаг юм, гадаад улс  орнуудад долоо хоногт нэг удаа яваад байсан ч бүрэн боломж байна гэж томорно билээ. Жирийн иргэн бол хүсээд олддоггүй боломжийг тэгж үзэж байгаа юм шүү дээ. Хэдхэн жилийн дотор мөн ч том болсон байгаа биз?! Яана даа Баасанхүү минь.  

Дараагийн сонгууль хаалга тогшиж байдаг. Хэчнээн баян өргөн, аргатай зальтай байлаа ч манай ард түмэн, нэгэнт тарыг нь таньсан хүнээ уучилдаггүй  л юм даа.  2020 оны УИХ-ын сонгуульд  О.Баасанхүүг нэр дэвшүүлж, сонгох газар олдох юм уу, үгүй юу, бүү  мэд. МАХН  нь л лав нэг нүдээр үзэхгүй. Намын удирдлагыг булааж авах гэж байсан хүнийг сонгохгүй нь магад. МАН руу ямар нүүрээрээ ирэв гэж. Эцсийн хувилбар Ардчилсан нам л болох байх даа. Оргосон зугтсан, багтаж шингэх газаргүй болсон хүмүүст хаалга нь нээлттэй байдаг  АН-ын одоогийн удирдлагууд суудалдаа байвал “О.Баасанхүү минь наашаа! наашаа! л гэх байх.

Тээр жил “Симба” Батааг МАН-аас УИХ-д нэр дэвшүүлэхэд М.Далайхүү агсан маань нэг гоё зүйрлэл хэлж билээ. “Манай нам ч ядарч дээ. Хүүхэд хүртэл тавагтай идээн дээрээс хамгийн гоё чихрийг олоод л авдаг юм даа” гэж байсансан. Тийм л онигоонд орох байх. Ард түмэн минь, ирэх сонгуулиар энэ парламентыг цэвэрлэж, олон түмний хүсэл мөрөөдлийн парламент болгох юмсан. Намын удирдлагууд далдуур сэм хуйвалдан Үндсэн хууль, Сонгуулийн хуулиа дур зоргоороо өөрчлөн өнөөх хулгайчид өөрсдийнхөө нэрийг эхэнд нь биччихээд намын нэрээр УИХ-д ороод ирдэг луйвраа хийх гэж байгаа сураг байна. Ардчилсан Үндсэн хуулийнхаа “тэгш, нууц, шууд” зарчмыг хатуу баримтална шүү. Юуны өмнө хулгайч, худалч, хэрүүлч хараалчдаасаа салмаар байна.