ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

К.Ханагайт: Ц.Элбэгдорж жирийн хуулчийг аймгийн прокуророор томилсон

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-23

Удирдахуйн ухааны магистр, улс төр судлаач К.Ханагайт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Баян-Өлгий аймагт ерөнхийлөгч байх хугацаандаа хийсэн зарим ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр  “ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа улс орны ашиг сонирхлын төлөө бус харин хувийн ашиг сонирхлыг хамгаалах, нийцүүлэх гэсэн үйлдлүүдийг хийж ирсэн гэж би хардаг. Тодруулбал, Ц.Элбэгдорж болон тухайн үеийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан нар 2011 онд Баян-Өлгий аймагт Т.Батсүх гэж хүнийг прокуророор томилсон байдаг. Энэ хүн өмнө нь прокурорын байгууллагад ажиллаж байгаагүй бөгөөд аймгийн хууль зүйн хэлтсийн жирийн ажилтан байсан юм.

Тэрбээр шүүхийн шийдвэрээр ял авсан аймгийн гурван том хэргийг цагаатгаж, хэрэгт хохирсон хүмүүсээс нийт 360 сая төгрөгийн нөхөн төлбөрийг авсан байдаг.

Үүнээс гадна прокурор Т.Батсүх 15 эрүүгийн хүнд төрлийн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон. Жишээлбэл, ОХУ-аас их хэмжээний зэвсэг оруулж ирж, яллагдсан гадны этгээдүүдэд тэнсэн харгалзах өгөөд нутаг руу нь буцаасан гэх мэтчилэн нийт 15 хүнд хэлбэрийн гэмт хэрэгт ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлсэн байгаа юм. Үүнтэй холбогдуулан би Улсын Ерөнхий Прокурорт гомдол гарган хүргүүлсэн байгаа, ямар хариу үзүүлж, арга хэмжээ авахыг нь хүлээж байна”  хэмээн ярилаа.