ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Болорчулуун: Оюутолгойн ажлын хэсгийн тайлан гэж байхгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-06

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Их Эзэн Чингис хааны танхимд хуралдаж таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Тодруулбал, Хэмжилзүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Үүнээс гадна өдгөө олон нийтийн анхааралд буй Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох байсан ч өчигдөрхөн тарааж өгсөн гэдэг үндэслэлээр хойшлуулах санал гаргав.

УИХ-ын гишүүн Ж.Баттөмөр хэлэхдээ “Оюутолгойтой холбоотой нийт гурван материал байгаа. Хоёрыг нь өчигдөр хүргүүлсэн. Нэгийг нь өнөөдөр өгч байна. Гэтэл гишүүд уншаагүй байгаа. Тиймээс танилцах цаг хугацаа олгоё” хэмээгээд хойшлуулах асуудлаар санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдээс санал хураалт явуулахад эхлээд гишүүдийн санал тэнцсэн. Дараа нь 14 гишүүний найм нь хойшлуулах ёсгүй гэж татгалзсан ч байнгын хорооны дарга санал санал хурааж, хэлэлцэх асуудлын дарааллаас хасч орхив.

Хуралдааны үеэр нууцын зэрэглэлтэй гэж байгаа Оюутолгойн ажлын хэсгийн санал дүгнэлт яагаад гишүүдэд биш Оюутолгой компанийн удирдлагуудад түрүүлж очсоныг тодруулах гишүүд олон байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Байнгын хороодын гишүүдэд тараагдсан материал дээр Оюутолгойгоос хариу тайлбар иржээ. Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд л өчигдөр орой хүргүүлсэн гэх материал яахаараа Рио Тинтод хүргэгдсэн байдаг билээ. Нууцын зэрэглэлтэй гэдэг материалд чинь бүгдэд нь зүйл заалт бүрээр хариу өгчихсөн байна. Монгол төрийн бодлого гэж УИХ-аас томилсон ажлын хэсгийг ойлгоод байгаа. Гэтэл тэр бодлогыг чинь Оюутолгой түрүүлээд тодорхойлчихлоо” хэмээн бухимдав. Харин Байнгын хорооны ахлах зөвлөхийн зүгээс “Гишүүдэд гурван материал тараасан. Нэг нь бол ажлын хэсгийн тайлангийн хураангуй товчилсон хэлбэр.

Тэр нь нууц биш. Үүнийг байнгын хорооны гишүүдээс гадна гишүүдэд бас тараасан. Тэр хураангуй хэлбэрийг нь Оюутолгой компани руу байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өнгөрөгч долоо хоногт хүргүүлээд хариу тайлбар хүссэн. Нууцын зэрэглэлтэй материал бол олон нийтэд тараагдаагүй. Үндэсний аудитын газрын хийсэн шалгалтын тайлан болон ЗГХЭГ-аас ирүүлсэн танилцуулгыг зөвхөн байнгын хорооны гишүүдэд нууцын зэрэглэлтэй тарааж байгаа” гэв. Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Ажлын тайлан гэж зүйл байхгүй. Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва өрөө өрөөгөөр ороод гарын үсэг зурчих гэж явж байсан. Та нар хуралдахгүй болохоор хавсаргаж өгсөн гэж хэлдэг” хэмээлээ.