Улсын арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан энэ сарын 5-ны өдөр болж, улсын арслан Э.Оюунболд түрүүлсэн билээ. Энэхүү барилдааны дөрвийн даваанд шилдэг харцага Б.Бат-Өлзий аймгийн арслан Э.Сумъяабатад өвдөг шороодсон юм.
Барилдааны дараа улсын харцага Б.Бат-Өлзий өрсөлдөгч бөхөө өшиглөхийг завдаж, зохисгүй авир гаргасан. Энэ үйлдлийнх нь төлөө түүний давааны мөнгийг хурааж авч, дахиж ийм үйлдэл гаргавал барилдах эрхийг нь хасахыг сануулсан юм.
Энэ бүх үйлдлийн дараа Б.Бат-Өлзий харцага бөх сонирхогчид болон Монголын ард түмнээс фэйсбүүк хуудсаараа дамжуулж уучлал гуйлаа. Тэрбээр “Сайн байцгаана уу. Би Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий байна. 2019- 05-05-нд болсон Арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааны дөрвийн даваанд Булган аймгийн арслан Сумъяабаттай таарч барилдааны явцад миний тохой хүрсэн боловч, дахин гуд татсан энэ үйлдэлд миний хувьд бухимдан, зохисгүй үйлдэл гаргасандаа Монголынхоо бөх сонирхогч нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна" гэжээ.