ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Аюурсайхан байнгын хорооны дарга болно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-22

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар томилогдохоор болжээ. Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг өргөн барьж, бүтэн сарын хугацаанд улс төр хийж байсан улстөрчид бүгд албан тушаалд очлоо. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болсон. Х.Нямбаатар гишүүний тухайд Хуульзүйн байнгын хорооны дарга болох томилгоо яригдсан. 

Харин Т.Аюурсайхан гишүүн АБГББХ-г даргалахаар болж байна. Харин УИХ-д шинэ нам байгуулаад байгаа Ж.Батзандан, Л.Болд нар одоогоор ямар нэг албан тушаалд очоогүй байгаа юм. Т.Аюурсайхан нь МАН-ын Шинэчлэлийн хороог толгойлж явсан. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн зөвлөх, туслахаар ажиллан улс төрд хөл тавьсан тэрбээр Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан билээ.