-2016 оны УИХ-ын сонгуулиар УБТЗ-ын ажилчдын дийлэнх нь Ардын намд саналаа өгч байжээ-
Өнгөрөгч долоо хоногт бид “Улаанбаатар төмөр зам” ХНН-т УИХ-ын гишүүд болон сайд, дэд сайд нар өөрийн танил талын шахааны хүмүүсээ хэрхэн томилсон, ямар албан тушаалд томилсон талаарх мэдээллийг бэлтгэн хүргэсэн билээ.
Тэгвэл энэ удаа УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд УБТЗ-ын ажилтнуудыг хэрхэн зохион байгуулалттай оролцуулдаг, төмөр замын шугам дагуу хэн хэрхэн ялалт байгуулдаг талаар тун ч сонирхолтой мэдээлэл бидэнд олдсоныг уншигч танд ямар нэг засваргүйгээр хүргэж байна.
Учир нь хоёр улсын хамтарсан энэхүү том айлд өртөө буудал болгоны жирийн нэг цэвэрлэгч, харуулын ажилтнаас эхлээд төв салбарт нь даргаар ажиллаж буй 16100 /2016 оны тоон мэдээ/ хүн ажилладаг. Түүний цаана байгаа ар гэрийнхэн, ах дүү танил талыг нь оруулаад тооцвол энэ тоо бэлээхэн 120 мянгад хүрэх бөгөөд Улсын Их хурал, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулиар ч төмөр зам гэх их айлыг “түшсэн” сонгогчдын санал юу юунаас чухалд тооцогддог байв.
Угтаа хамгийн их хүнтэй төрийн өмчийн компаниуд сонгуулиар хамгийн чухалд тооцогдож, тэднийг тойглох ажил эхэлдэг нь худлаа биш. Төмөр замын шугам дагуух байрлалаар гэж тооцвол Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Төв, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Говьсүмбэр, Дорноговь аймгуудын сонгогчдын саналд тус байгууллагын ажилчид шууд болон шууд бусаар нөлөөлдөг хэмээн дүгнэж болно.
Хэн гэж даргатай байхаас хамаарч, аль намд санал өгөх нь шийдэгддэг гэхэд хэтийдсэн болохгүй. Тухайлбал, 2016 оны сонгуулийн дараахан УБТЗ-ын ажилчид тархан байрласан сонгогчдын судалгаа гэж гарч байсан бөгөөд нийтдээ 40 гаруй тойргийн нэр дэвшигчдэд УБТЗ-ын ажилчдын өгсөн санал ямар нэг байдлаар нөлөөлсөн гэсэн үг. Эдгээр тойргуудаас зөвхөн Сэлэнгэ аймгийн 27 дугаар тойрогт АН-аас Д.Эрдэнэбат, Эрдэнэт хотод УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар тус тус ялалт байгуулж, харин бусад бүх тойрогт Ардын намын гишүүд олонхийн саналаар ялалт байгуулсан гэх судалгаа байгаа юм.
Тухайлбал, Говьсүмбэр, Дорноговь аймгийн 12 дугаар тойрогт л гэхэд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг 8900 иргэний санал авчээ. Нийтдээ 65.9 хувийн саналаар тэр ялалт байгуулсан гэдэг бөгөөд үүнээс 50 гаруй хувь нь УБТЗ-тай ямар нэг байдлаар холбогдсон ажилтан болон тэдний ухуулсан хүмүүс байсан гэх мэдээллийг уншигч та хүснэгтээс харж болно.
Харин нэгхэн жилийн дараа буюу Д.Жигжиднямаа гэх хүн даргаар томилогдсоноос эхлэн эдгээр хүмүүсийн санал хэдэн тийш салаалж, МАХН, АН-ын нэр дэвшигчид саналаа өгч эхэлснийг ч мөн хүснэгтэд харуулсан байгаа юм. Бидний өмнөх дугаартаа бичсэн шиг энэ салбарт халаа, сэлгээ дээр дооргүй үргэлжилж, зөвхөн 2017 онд гэхэд л 86 хүнийг ажлаас халж, хамаатан садан, найз нөхдөө гаднаас оруулж ирснээр тухайн салбарт ажиллаж буй энгийн ажилчдын зэвүүцэл дургүйцлийг төрүүлж эхэлжээ.
2019 оны байдлаар халаа сэлээ эмх замбараагаа алдаж, 210 гаруй даргын томилгоо хийсэн. Төмөр замын салбарт “дөрөө харшуулах” болсон Дэд сайд асан Б.Цогтгэрэл, Д.Жигжиднямаа нарын албан тушаалын шахаа, наймаа эцэстээ эгэл жирийн ажилчдынх нь зэвүүцлийг хүргэж эхлэв. Тиймдээ ч нэгхэн жилийн дотор ажилчид нь өмнө өгсөн сонголтоосоо ухарч, Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН болон АН-д саналаа өгснийг бас харж болно. Дөрвөн жил дарааллан ажилчдынхаа цалинг 200 хувиар тавиад ч эргүүлж болдоггүй зүйл гэдэг үүнийг л хэлнэ.
Төрийн албан тушаалыг тэрбумаар нь арилжаалсан, Хувь нийлүүлсэн нийгэмлэгтээ шахаа хийдэг, ах дүүгээрээ нийлж оффшор бүсэд хөрөнгө байршуулдаг, төмөр замдаа хуучин вагон шахдаг гээд олон арван хэргээр АТГ-т шалгуулж буй Д.Жигжиднямаатайгаа Ардын нам зууралдсаар байвал дээрх 40 гаруй тойрогт авч байсан үнэмлэхүй олонхийн саналаа ирэх зургадугаар сард болох сонгуулиар хуйгаар нь алдана гэсэн үг билээ.
Угтаа, Ардын намын ялагдал нь намын дарга У.Хүрэлсүх биш төмөр замын хаант улсад ноёрхлоо тогтоосон Д.Жигжиднямаа нарын сэжигтэн этгээдүүд байх вий гэдгийг намынхаа Удирдах шатанд ярихгүй өнгөрч болохгүй нь ээ. Энэ байгууллагад олон зуун шударга иргэд бор зүрхээрээ хөдөлмөрлөж яваа учраас дөрвөн жил дарааллан 200 хувиар цалингаа авчихлаа гээд Ардын намын улстөрчийг дэмж гэсэн шахаанд автах нь юу л бол доо. Төмөр замд үүрлэчихсэн гэмт хэрэгт холбогдсон дарга, цэргийнхээ булхай, өдөр тутам гарч буй олон тооны осол, ажлаа хийж яваад архи уугаад амиа хорлосон болж хувирсан ядарсан ажилтнуудынхаа талаарх мэдээллийг хангалттай уншиж, сонсож буй.
Тиймдээ ч Ардчилсан намын шахаагаар тавигдсан Л.Пүрэвбаатар даргадаа барьсан 2016 оны “гэнэтийн бэлэг”-ээ ч 2020 онд Д.Жигжиднямаадаа барихгүй гэсэн баталгаа алга байх юм. Түүнийг 2016 оны аравдугаар сард ажлаа авсны дараагаас эхлээд л Ардын намын талд хуйгаараа өгч байсан санал АН, МАХН руу хэрхэн урвасныг тэнэг биш л бол прогноз хийдэг улс төрийн намын хүмүүс нь намын даргадаа танилцуулах биз ээ. Товчоор хэлбэл, МАН эдгээр тойргуудад үнэмлэхүй ялалт байгуулж байсан амжилтаа дахиад хадгалахыг хүсч л байгаа бол нэн тэргүүнд Б.Цогтгэрэл, Д.Жигжиднямаа нараасаа салах шаардлага үүсэх нь ээ. Харин тэгж чадах болов уу гэдэг нь асуултын тэмдэгтэй хэвээр.