ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гэр бүлийн тухай хуулийг шинэчилнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-21

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар эхлээд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн УИХ-ын гишүүд үзсэн тул ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийг шинэчилснээр хариуцлагын тогтолцоог тодорхой болгох, комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулах, эрүү шүүлтээс ангид байх үндэсний механизмыг тодорхойлж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хариуцсан гишүүний орон тоог бий болгож комиссын гишүүнийг тав болгох, комиссын гишүүний гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалтыг боловсронгуй болгохоор төсөлд тусгасан аж.

Мөн Гэр бүлийн тухай хуульд үндсэн асуудлаар 2 бүлэг, 26 зүйл шинээр, хуулийн 80 гаруй хувьд нь нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга орсон байна. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар гэр бүлд суурилсан хөгжил, хамгааллын бодлого хэрэгжих, төрийн үйлчилгээ гэр бүлд хүрэх бодит нөхцөл бүрдэх ач холбогдолтой хэмээн үзсэн байна.