ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХЗБХ:Нэр дэвшигч нэрээ татсан тохиолдолд 10 сая төгрөгөөр торгоно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-29

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хууль хэлэлцэж байгаатай холбогдуулан хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын асуудлыг хэрхэн зохицуулах асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, сонгуулийн дүнг СЕХ-ноос эцэслэн танилцуулаагүй байхад аливаа нам, эвсэл болон нэр дэвшигчид мэдэгдэл хийн сонгуулийн дүнг зарласан тохиолдолд нам эвслийг 100 сая, нэр дэвшигчийг 10 сая төгрөгөөр торгох зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд тусгах аж. Сонгуулийн дүнг албан ёсоор зарлаагүй байхад нэр дэвшигч болон намууд урьдчилан мэдээлэл хийснээс сонгуулийн дүн будиллаа гэх асуудал гардаг учраас үүнээс сэргийлж энэ зохицуулалтыг оруулж байгаа гэдгийг Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар онцоллоо. Мөн сонгуулийн явцад нэр дэвшигч нэрээ татсан тохиолдолд нэр дэвшигчийг 10 сая төгрөгөөр торгох аж. Энэ нь тухайн нэр дэвшигчийн сонгох, сонгогдох эрхийг хангах хүрээнд төсвийн мөнгийг зарцуулж, сонгуулийн саналын хуудсанд нэрийг нь шивж зардал гаргасан байхад нэрээ татсан учраас хариуцлага ногдуулах нь зөв гэж үзжээ. Эдгээр заалтуудыг Зөрчлийн тухай хуульд оруулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 63.6 хувийн саналаар дэмжлээ.