ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нөхөн сонгуулийг аравдугаар сарын 7-нд зохион байгуулахаар боллоо

O.Admin
2018-06-27

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр өглөө хуралдаж, 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах товыг хэлэлцсэн юм.  СЕХ-ноос ирэх аравдугаар сарын 7-нд нөхөн сонгууль явуулах санал гаргаж, хэлэлцүүлсэн нь энэ.  Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг асууж, хариулт авлаа.

Сонгуулийн тухай хуулийн дагуу   жил бүрийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням, аравдугаар сарын эхний долоо хоногийн ням гарагт сонгууль явуулж байхаар тусгасан аж. Тиймээс хуулийн дагуу  аравдугаар сарын 7-нд явуулах санал оруулж ирсэн гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлэлцүүлгийн үеэр хэлсэн.

Улмаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 7-нд явуулахыг дэмжлээ. 

Мөн СЕХ  УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуульд 228.9 сая төгрөг зарцуулах тооцоо хийжээ. Энэхүү саналыг нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд уг саналыг нь дэмжиж, энэхүү зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд даалгалаа.