УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг эцсийн байдлаар зарлаж, СЕХ-нд хүргүүлэх хугацаа маргааш дуусгавар болно. Тиймдээ ч улс төрийн намууд өнөөдөр, маргааш гэсэн хоёр өдөрт нэр дэвшигчдээ эцэслэн батлах шаардлага үүсээд байна. АН-ын тухайд маргааш Үндэсний бодлогын хорооны хуралдаанаа хийхээр тов зарласан бол МАН-ын Бага хурал мөн л маргааш хуралдахаар товлогджээ.
Нэр дэвших квот авахыг хүссэн мөн горилсон олон зуун хүн намдаа хандиваа өгчихөөд хүлээж суугаа нь дамжиггүй. Гэвч тэднээс цөөнгүй нь өрсөлдөөнөөс өөрөө нэрээ татаж авах нь тодорхой юм. Тэгвэл нэр бүхий гишүүд өөрийн хүсэлтээр энэ удаагийн сонгуулийг өнжиж, залуу үедээ боломж олгох шийдвэр гаргажээ. Тухайлбал, энэ удаагийн сонгуулийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав өнжих шийдвэр гаргасан гэх мэдээлэл дуулдлаа.
Ц.Гарамжав гишүүний хувьд тойрогтоо хамгийн сайн ажилласан гишүүдийн нэг. Үндсэн хуулийг хэлэлцэж байх үед байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэсэн итгэл үнэмшлээ ч хамгаалж чадсан билээ. Ардын намын лидер эмэгтэйчүүдийн нэг хэдий ч энэ удаа залуу үедээ боломж олгох шийдвэрт хүрчээ.
Сонгинохайрханчуудын хувьд хүлээлт үүсгэсэн гишүүн хэдий ч намынхаа сонгуульд өнөөдрөөс ханцуй шамлан оржээ. Тойрогтоо төсвийн мөнгө харалгүй "Мөнх тогтвортой хөгжил сан"-гийн шугамаар хоёр цэцэрлэг шинээр барьж, хэд хэдэн цэцэрлэгийг өргөтгөж, сургуулийн номын өргөө, ахмадын өргөө гээд иргэдийнхээ нийгмийн асуудалд хамгийн их анхаарч ажилласан түшээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын тухайд Жадамбаа генералын хүү гэдгээрээ нийгэмд танигдсан. Хуулийн төслүүд дээр хамгийн идэвхтэй ажилладаг, тойрогтоо чамгүй хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Гэсэн ч хэд хэдэн сангаас зээл авсан зэрэг таагүй зүйлд нэр холбогдсон учраас өөрийн ухамсараар өнжих шийдвэр гаргасан байна. Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар хамгийн богино хугацаанд сайдын албан тушаал хашсан нэгэн. Мөн л эхнэрийнхээ нэрээр ЖДҮ сангаас зээл авсан гэх асуудалд нэр холбогдсон. Тиймээс энэ удаа мөн л өөрийн хүсэлтээр нэр дэвшихгүй хэмээн шийдсэн нь улс төрийн соёл болж байна.