ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН-д “урилгаар” ирсэн ҮБХ-ны гишүүдтэй танилц

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-15

Улс төрийн намууд дундаас хамгийн их дуулиан тарьж, тэр хэрээрээ шуугиантай үйл явдлуудад нэр холбогдож буй улс төрийн хүчин бол АН. Тэд энэ өдрүүдэд намдаа улстөрчдийг элсүүлж, намаасаа гарсныг нь эргүүлэн татаж, албан тушаалын томилгоо хийх гэх мэтээр чамгүй хөл хөдөлгөөнтэй байх ажээ.

Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилд парламентад сул гишүүн байсан С.Жавхланг намдаа элсүүлсэн нь зэмлэл, магтаал, шүүмжлэлийг зэрэг, зэрэг сонсох шалтгаан болов. Мөн МАХН-аас гарсан О.Баасанхүү АН-ыг сонгосон нь ч ард түмнийг талцах шалтгаан болов. Цаашлаад, АН-ын дэд даргаар залуухан бүсгүйг томилсон, Архангай аймгийн АН-ын даргыг сонгууль болоход ердөө сарын хугацаа дутуу байхад шинээр томилсон, намаасаа хөөсөн гишүүдээ эгүүлэн ҮБХ-нд оруулсан, намдаа гомдсон нь эргэж ирсэн гээд дуулиан шуугиантай үйл явдал АН-ыг тойрсоор байна. “Урилгаар” орж ирсэн ҮБХ-ны эдгээр хүмүүс ч намын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан ч намын даргын шууд дэмжлэгээр ногоон гэрлээр дэмжлэг авсан аж. Ингэснээр олон, олон горилогчид суудалгүй үлдэх нь тодорхой болов.  

Эдгээр томилгооны эзэд маргааш болох ҮБХ-ны хуралдаанаар тойрог авах уу, эсвэл тоглоомын гадна үлдэх үү гэдэг нь тодорхой болно. Нэгэнт л урьж залаад оруулаад ирчихсэн учраас ямар нэг байдлаар тойрог өгөх нь тодорхой. Тэгээд ч Ардчилсан намын дарга С.Эрдэнийн тухайд рейтингийн судалгаа зэрэг олон зүйлсийг харж байж энэхүү амаргүй шийдвэрийг гаргасан учраас томилгоо бүхний цаана тойрогтоо ялалт байгуулах магадлал өндөр байгааг тооцоолсон нь тодорхой биз. Энэ долоо хоногт АН-д албан тушаал авсан хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг тоймлон хүргэе.

 


АН-ын Дэд дарга Б.Жаргалан

-Түүнийг УИХ-ын гишүүн асан “Фортуна” буюу Н.Батбаярын охин гэдгээр нь олон нийт илүү мэддэг болжээ. Гэвч Б.Жаргалангийн тухайд гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, шинэ үеийн залуусын төлөөлөл. Тэрбээр, 2005 онд АНУ-ын Нью Йорк хотын Колумбын Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Гэсэн ч Монголдоо ирээд эзэмшсэн мэргэжлээсээ шал өөр чиглэлээр буюу Галерейн захирал хийж, “976” гэх сэтгүүлч эрхлэн гаргаж, мөн зөвлөх үйлчилгээний компанийн захирлаар ажиллаж байсан. Харин сүүлийн жилүүдэд улс төрд идэвхтэй орж ирсэн бөгөөд АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Харин энэ удаа АН-ын Дэд дарга болж, тушаал дэвшлээ.

 


Архангай аймгийн АН-ын дарга Д.Золжаргал

-Тэр эх орондоо мэргэжил эзэмшсэн. МУБИС, МУИС, Удирдлагын академийг тус тус төгссөн бөгөөд Архангай аймгийн Хотонт суманд төржээ. Багш, түүхч мэргэжилтэй. “Найрамдал” төвийн удирдагч багшаас ажлын гараагаа эхэлж, Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газарт Хамтын ажиллагааны газрын орлогч, мөн л эргээд Баянгол дүүргийн Халамжийн хэлтэст дарга зэргээр дандаа нийгмийн халамжтай холбоотой ажил эрхэлж байсан. Харин 2016 оноос УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны даргаар томилогдон ажиллаж байсан юм. Д.Золжаргалын тухайд намын дарга С.Эрдэнийг олон жил түшсэн, итгэлт хүмүүсийнх нь нэг. Энэ удаа тэрбээр, АН-аас Архангай аймагт нэр дэвшихээр болжээ.

 


УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн О.Баасанхүү

-МУИС-ийг Эрхзүйч мэргэжлээр төгссөн. Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчийн эрхээ авснаас хойш чамгүй олон нэр алдартай хүмүүсийг өмгөөлж байжээ. Тэдний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яаманд хуулийн зөвлөхөөр дөрвөн жил ажиллаж байсан тэрбээр Н.Энхбаярыг өмгөөлсний шагналд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтын эхээр эрэмбэлэгдэж, 2012 онд гишүүн болж байлаа. Харин 2016 онд Орхон аймгаас нэр дэвшин сонгогдсон бол энэ удаа АН-д гишүүнээр элсэж, мөн л Орхон аймагтаа нэр дэвшихээр яригдаж байна. Түүнд тойрог өгөх эсэхийг маргааш шийднэ. Хэрвээ тойрог өгөхгүй бол тэр Ц.Элбэгдоржийн өмгөөлөгчөөр ажиллана гэж мэдэгдэв.

 


УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн С.Жавхлан

-СУИС-ийг Дуулаачийн мэргэжлээр төгссөн бөгөөд 2006 онд магистрын зэргээ хамгаалсан. Тэрбээр, Монголын хамгийн нэр алдартай дуучдын нэг. Монгол туургатныг нэгтгэсэн “Хамаг Монгол” төсөл нь түүний хамгийн том ажил. Тэрбээр, 2009 оноос улс төрд өрсөлдөж эхэлжээ. 2009 онд Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд өрсөлдсөн ч ялагдсан. Мөн 2012 онд төрөлх нутаг Увс аймагт МАХН-аас өрсөлдсөн ч мөн л 4251 хүний санал авч, ялагдсан. Харин 2016 оны сонгуулиар Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт бие даан нэр дэвшин ялалт байгуулжээ. Харин энэ удаа АН-аас Увс аймагт нэр дэвшихээр яригдаж байна. С.Жавхлангийн тухайд жилийн өмнө Ж.Батзандан нартай хамтран улс төр хийхээ зарлаж байсан ч итгэл үнэмшил төрөөгүй гэх шалтгаанаар тэднийг орхисон билээ.

 


"Гэр хороолол хөгжлийн нам”-ын Ерөнхий зохицуулагч, АН-ын гишүүн Э.Бат-Үүл

-Түүний хувьд намаасаа гарсан зүйл байхгүй. Гэвч фракцийн болон бусад зөрчлөөс үүдэн намынхаа лидер улстөрчидтэй багагүй зөрчилдөж байсан юм. АН-ын дарга С.Эрдэнийн зөвлөх З.Энхболд, Ардчилсан намаас ялалт байгуулсан Ерөнхийлөгч Х.Баттулга нартай зөрчилдөж байгаа. Тэгвэл энэ удаагийн сонгуульд “түр” эвлэрлийн гэрээ байгуулан, намынхаа нэрээс өрсөлдөхөөр эргэн ирэв. Э.Бат-Үүл нь ардчиллын анхдагчдын нэг. Тэрбээр, МУИС-ийг физикийн багш мэргэжлээр төгссөн. Барилгын техник мэргэжлийн сургууль, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд ажиллаж, амьдарч байсан. АИХ-ын депутат, Улаанбаатар хотын Захирагч, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байлаа. Харин 2016 оны намын ялагдлаас хойш “Гэр хороолол, хөгжлийн хөдөлгөөн” гэгчийг үүсгэн байгуулж, Ерөнхий зохицуулагчаар нь ажиллаж байв.

 


УИХ-ын гишүүн асан, АН-ын гишүүн Г.Уянга

-Сэтгүүлзүйн салбараас төрсөн цөөхөн улстөрчдийн нэг. Дорно, дахины Их сургуулийг сэтгүүлч, Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийг орчуулагч мэргэжлээр тус тус төгсчээ. “Ийгл” телевизээс ажлын гараагаа эхэлж, 2001 оноос АН-ын Олон нийттэй харилцах хэлтэст ажиллаж байсан бол 2011 онд МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байлаа. 2012 онд “Шударга ёс” эвслээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Харин 2016 онд ялагдал хүлээж, 2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Хүний эрхийн зөвлөхөөр ажиллаж байсан юм. Энэ удаа тэр Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшихээр яригдаж байна.

 


АН-ын гишүүн асан С.Баярцогт

-Москва, ХБНГУ-д тус тус эдийн засагч, Бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Мөн МУИС-ийг Хуульч эрхзүйч мэргэжлээр төгсчээ. Ардын Их хурлын депутат, Монгол Улсын хамгийн залуухан УИХ-ын гишүүн болж байлаа. Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Байгаль орчны сайд, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан туршлагатай. Гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллажээ. Тэрбээр, 2016 онд ялагдсанаас хойш Оюутолгойн гэрээний асуудлаар чамгүй удаан хугацаанд шалгуулж, хоригдож байв. Намын нэр хүндийг унагасан хэмээн намаасаа хөөгдсөн ч ийнхүү 2020 оны сонгуулийн өмнө дахин намдаа эргэж ирлээ. Тэр энэ удаа Сэлэнгэ аймагт АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай хамт намаасаа өрсөлдөхөөр яригдаж байна.

 


УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхан

-1996-2000 оны парламентад Дорнод аймгаас сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан С.Билэгсайхан энэ удаад мөн л намынхаа ҮБХ-нд эргэн ирлээ. Түүний хувьд Дорнод аймагт нэр дэвшихээр яригдаж байгаа аж. Тэрбээр, 2008, 2012 оны сонгуулийг өнжиж, харин 2016 онд улс төрд эргэн ирсэн. Дэлхийн буриадуудын холбоо, Дэлхийн компаниудын Ерөнхийлөгч, МИАТ компанийн Бодлого төлөвлөлтийн газрын даргаар тус тус ажиллаж байлаа. Сонгууль бүрээр нэр дэвших өрсөлдөгчдийн тоонд бичигддэг ч намын дэмжлэг авч чадахгүй хасагдаж байсан бол энэ удаа Дорнодын тойрогт эргэн очих боломж түүнд гарч иржээ. С.Билэгсайхан нь МоАХ угшилтай. Нэгэн цагт энэ том фракцийг даргалж байсан туршлагатай.

 


АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Бат-Эрдэнэ

-Архангай аймгийн Засаг даргаар 2012-2016 онд ажиллаж байсан. Мөн аймгийнхаа АН-ын даргаар ажиллаж байжээ. Тэрбээр, Архангай аймгаас сонгогдож байсан Н.Батбаярын ойрын итгэлт хүмүүсийн нэг гэдэг. Архангай аймагтаа төрж өссөн бөгөөд багш мэргэжилтэй.

 

 


АН-ын ҮБХ-ны гишүүн, “Блүүмбэрг” телевизийн захирал Э. Долгион

-Засгийн газрын мэдээ сонины ТУЗ-ийн дарга, “Блүүмбэрг” телевизийн Гүйцэтгэх захирлын албан тушаалтай. Тэрбээр, сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд МҮОНТ, Ийгл телевизэд ажиллаж байсан туршлагатай. БСШУЯ-ны Газрын даргаар Ё.Отгонбаяр сайдын үед ажиллаж байлаа.