ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Маргаан гарсан тойргуудад дахин санал хураалт явуулах ёстой”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-06-26

УИХ-ын 2020 оны сонгуулийн дүн зөрүүтэй, шударга бус сонгууль боллоо хэмээн бие даан нэр дэвшигчид байр сууриа илэрхийлж байгаа билээ. Тухайлбал, царцаа орсон байх магадлалтай хэмээн үзэж байгаа юм.  Нийт сонгогч иргэдийн тооноос хувь илүү сонгуулийн насныхан байгаа нь хардах үндэслэл болсон гэж тайлбарлав. Ингээд сонгуулийн дүн, санал хураалтын талаар бие даан нэр дэвшигчид хэрхэн  байр сууриа илэрхийлснийг  хүргэж байна.

 

Т.Ганболд: Маргаантай тойргуудад дахин сонгууль хийе

 

/УИХ-ын 19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшигч/

/-Миний санал 7311 байхад 7,311гэсэн тоо тавьсан хэр нь 10 мянгатай саналтай хүнд таслал гарсангүй. Сонгуулийн машин 7311 саналыг алдагдуулсан байна. Миний нийт санал 24 мянга байх байсан. Энэ зөвхөн надад тохиолдсон асуудал биш. Чансаа өндөртэй байсан бүх бие даагчдад давтагдсан. Тухайлбал, Баянгол дүүрэгт П.Галиндэв,  Хан-Уул дүүрэгт Н.Номтойбаяр, Т.Бат-Оргил, Ж.Эрхэмбаатар, Ц.Цолмон гээд бүх бие даагчдын авсан санал  бүгд таслалтай гарч байна. Авсан саналыг хуваалт оруулчихсан учраас таслалтай гарч байгаа юм. Энэ нь солигдох хугацаа нь 15 минут орчим байгаа учраас эхлээд таслалтай гарч байгаа бөгөөд дараа нь арилж байна. Тойрог бүр дээр  бие даагч нарын санал бүгд таслалтай байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд  хандаж хэлэхэд, маргаан гарсан тойргуудад  дахин санал хураалт явуулах ёстой. Ингэж байж та 3.2 сая хүний Ерөнхий сайд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчид ч хэлмээр байна. Та МАН-ын гишүүн биш, намаасаа хуулийн дагуу түдгэлзсэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгч тул энэ бүх баримтыг шалгуулж өгнө үү. Би нэгээр гарч ирэх гэж байгаа юм биш. Би дахиад барилдъя, унавал би хүлээн зөвшөөрье. Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа шударга байцгаая, шударга сонгууль хийе. Хүний өөрийн нам гэж үзэлгүй санал алдагдсан тойргууд дээр дахин санал хураалт хийе. Алга болсон санал хаашаа орсон нь бүгд гарна. Олон улсын шинжээчийн баг дуудна.

 

Т.Бат-Оргил: Энэ сонгууль хүчингүй

 

/УИХ-ын 29 дүгээр  тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч/

-МАН ялагдахынхаа үед үхэр буугаа тавьж, төрийн эргэлт хийлээ. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэрэг бол 60 тэрбум. Гэтэл ил цагаан баримт нь байсаар байтал хэнд хариуцлага тооцов. Хоёр улстөрчийг  сор залснаас биш томчууд нь юу ч болоогүй мэт ордонд сууж байна. Бид сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Ийм луйврыг хүлээн зөвшөөрвөл Монгол Улсад юу болох вэ. Бид сонгуулийг хүчингүй болгохоор гарын үсэг зуруулж эхэлсэн. Энэ сонгууль  хүчингүй.

 

С.Мөнхчулуун: 20 мянган хүний санал хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй байна  

 

/УИХ-ын  28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт бие дааж нэр дэвшигч/

-Миний хувьд 2,755 гэсэн санал дээр зогсож байгаа нэмэгдэхгүй байж байснаа 10 мянга хүрээд тавдугаарт жагссан. Дүн ирүүлсэн тоо харуулж байхад 50 хэсгийн хорооноос тавынх нь ирсэн байдаг.  Тэгэхэд бусад нь  13339, 9172 санал авсан  гэдэг мэдээлэл гарч байгаа  юм. Хуулиараа нэг хэсгийн хороонд 1800 сонгогч байх ёстой. Гэтэл  хэсгийн хорооны бүх хүн санал хураалтад оролцож, нийт 9000 санал л байх боломжтой. Үүнээс харахад,  хэсгийн хорооны саналын тоо зөрүүтэй байна. Таван хэсгийн хороонд 45 мянга орчим санал орж ирэх ёстой. Гэтэл нийт саналын тоо нь 65 мянга болж байна. Өөрөөр хэлбэл, 20 мянган санал хаанаас гарч ирсэн нь ойлгомжгүй байна. Тиймээс маргаантай тойрогт дахин сонгууль хийхийг шаардаж байна.