УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг хотын даргад нэр дэвшүүлээд байгаа билээ. Түүнийг дэмжих эсэхийг яг одоо МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэж байна.
Тэрбээр хотыг удирдахаар болсон тохиолдолд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэр дэвшээд ялалт байгуулсан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль болох нь тодорхой гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн онцлов. Өөрөөр хэлбэл, УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар тус тойрогт нийт 27 хүн нэр дэвшсэн бөгөөд хамгийн олон саналыг УИХ-ын гишүүн Н.Учрал /53651/, Д.Сумъяабазар /36785/, П.Анужин /32031/ нар авч байсан удаатай. Харин тэдний араас “Та бидний эвсэл"-ээс нэр дэвшсэн Э.Батшугар, бие дааж, нэр дэвшсэн С.Мөнхчулуун нар бичигдсэн юм.
Тиймээс нөхөн сонгуулийн тов гарсан тохиолдолд улс төрийн намууд нэр дэвшигчдээ сойх боломжтой. Энэ тохиолдолд нөхөн сонгуульд Э.Батшугар, С.Мөнхчулуун нар дахин хүч үзэж, “даагаа нэхэж” болох билээ. Хэрвээ Н.Энхбаярын хүү Э.Батшугар дэвших шийд гаргавал нэг жилийн дотор гурван удаа сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчээр нэрлэгдэх юм. Тэрбээр УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд “Та бидний эвсэл"-ээс, Орон нутгийн сонгуульд АН, МАХН, ШИНЭН эвслээс НИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшиж, өвдөг шороодсон билээ.