ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Алтанцэцэг: Э.Магнайбаярын асуудлаар НҮБ-д хандана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-27

БГД-ийн  зарим иргэд  аймаг, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  Тодруулбал, Баянгол дүүргийн 28-р тойрогт МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Э.Магнайбаяр сонгуулийн дараа МАН-д элссэнтэй холбоотойгоор тус дүүргийн сонгогчид хэвлэлийн бага хурал хийн, түүнийг эгүүлэн татах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тус дүүргийн 23 дугаар хорооны саналаа өгсөн иргэд, сонгогчдын эрхийг зөрчсөн хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 

-БГД-ийн 23-р хорооны иргэн Р.Санжсүрэн:

-Баянгол дүүргийн ИТХ-д ялалт байгуулсан Э.Магнайбаяр манай хороонд нэр дэвшиж мөрийн хөтөлбөрөө танилцуулж байхдаа табүхний төлөө хоёргүй сэтгэлээр хандана. Та бүхнийхээ төлөө хүчин зүтгэнэ гэж хэлж байсан. Хорооны жирийн иргэд бид ч түүнийг сонгогдсонд нь баяртай байсан. Гэтэл сонгууль дуусаад төлөөлөгчийн үнэмлэхээ ч аваагүй байхдаа өөр намд урвасан нь сонгогчдын эрхийг зөрчлөө. Тийм учраас  сонгогчийн хувьд эгүүлэн татах ёстой гэж үзэж байгаа. Манайхаас 922 хүний саналаар гарсан учраас бүх хүний саналаар наймаа хийсэн гэж бид үзэж байна. 

-БГД-ийн 23-р хорооны иргэн Б.Алтанцэцэг:

-Би энэ хороонд 22 жил амьдарч байгаа жирийн иргэн,сонгогч.  Энэ залуу сонгогчдын саналыг өөрийн эрх ашгийн төлөө ялсан талд зарж, монголд гарч байгаагүй увайгүй үйлдэл хийлээ.  Анхан шатны сонгуульд, анх удаа нэр дэвшчихээд сонгогчдын  саналыг  ялсан намд худалдаж болохгүй. Ийм хүн цаашдаа эх орноо зарахаас ч буцахгүй юм байна. Тиймээс энэ хүнийг эгүүлэн тат. Сонгогчын  саналыг  ялсан  талд зараад  байвал сонгууль  хийх ч хэрэг алга. Хэрвээ хүлээж авахгүй бол бид суулт хийж  НҮБ-д хандах болно.

-Өмгөөлөгч Л.Баттогтох:

-Аравдугаар сарын 19-ний өдөр  тогтоол гарч, Э.Магнайбаярыг сонгогдсонд тооцсон юм. Энэ тогтоол гарахаас өмнө Э.Магнайбаяр намаа сольсон. Хуулинд маргааны зохицуулалтыг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд зохицуулна гэж заасан. Иймд бид өчигдөр шүүхэд хандсан. Аймаг нийслэл сум дүүрэг ИТХ-ын сонгуулийн 34.1, 37, 54-р зүйлийг зөрчсөн бол гэм буруутайд тооцно. Хэрвээ гэм буруутай тогтоогдвол эгүүлэн татна гэсэн байгаа. Шүүхийг шударга шийд гаргана гэдэгт итгэж байна. 1992 оны Үндсэн хуульд иргэдийн сонгох, сонгогдох эрхийг заасан бөгөөд өнөөдрийг хүртэл ийм бусармаг үйлдэл гарч байгаагүй. МАН нэг суудал нэмж авахад олонх болох байсан. 21 суудалтай болчихвол дүүргийн олонх болох байсан учир Э.Магнайбаярыг олзолсон.