ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН-ынхан Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-30

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу өнөөдрөөс эхлэн УИХ-д суудалтай улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулах билээ. Тухайлбал, хуулийн дагуу улс төрийн намууд энэ сарын 30-наас ирэх сарын 2-ны өдөр нэр дэвшигчээ тодруулах учиртай. Энэ удаагийн сонгуульд УИХ-д суудалтай буюу МАН, АН, ХҮН-аас дотооддоо нэр дэвшигчээ тодруулж, ирэх сарын 5-ны дотор СЕХ-нд бүртгүүлэх ёстой юм. ЕРӨНХИЙЛӨГЧИД нэр дэвшигчдэд тавигдах шаардлага Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль:

26 дугаар зүйл. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журам

• 26.1.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана. 
• 26.2.Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна 
• 26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх 
• 26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх 
• 26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх 
• 26.3.Нэр дэвшигч дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна 
• 26.3.1.төрийн жинхэнэ албан хаагч 
• 26.3.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан 
• 26.3.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал 
• 26.3.4.Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн 
• 26.4.Нэг намын гишүүнийг өөр намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн эвслээс өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно