Ардчилсан намын “Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд энэ сарын 21-нд эхэллээ. Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Туваан, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Э.Одбаяр, нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг, “Ардчилсан залуучуудын холбоо”, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” зэрэг намын дэргэдэх байгууллагын төлөөлөл оролцож байна. Мөн Архангай, Төв, Дархан-Уул, Өвөрхангай аймаг болон нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргүүдийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн төлөөлөл бүхий нийт 1000 гаруй хүн оролцож байгаа юм.
Энэхүү чуулга уулзалтын үеэр Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчилсэн төслийг нийт гишүүдийн дунд хэлэлцүүлж, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын тухай мэдээлэл хийхээс гадна оролцогчдын дунд урлаг, спортын тэмцээн зохион байгуулж шилдгүүдээ тодруулах юм. Түүнчлэн энэ үеэр “Эмэгтэйчүүдийн манлайлал”, “Оюутнуудын нийгмийноролцоо”, “Ардчилалын түүх ба ахмадуудын оролцоо” , Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл, “Орон нутгийн засаг захиргааны уялдаа холбоо” зэрэг олон сэдвийн хүрээнд сургалтууд зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ удаагийн “Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж ажиллаж байгаа аж.
Орон даяар амжилттай өрнөсөн “Монголоо сонсьё”үндэсний аяны дараа зохион байгуулагдаж байгаагаараа энэ удаагийн бүсийн чуулган ихээхэн онцлогтой бөгөөд гурван өдрийн турш үргэлжлэх юм байна.