ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цахим санал хураалтын асуудлаар туршлага судалж, хамтран ажиллахаар болов

O.Admin
2022-04-08

Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Эстони Улсын “Цахим Засаглал”-ын академийн гүйцэтгэх захирал, ноён Ханнес Астокийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр технологийн хөгжил улс орнуудын хил хязгаараас үл хамааран хурдацтай ахиж дэвшиж байгаа энэ цаг үед цахим санал хураалт (Internet voting)-ыг нэвтрүүлэх нь цаг хугацааны асуудал болж байгааг тэмдэглээд иргэдийг хаана байгаа газраасаа, газар зүйн байршил үл харгалзан сонгох эрхээ эдлэх боломж бүрдүүлж, сонгуулийн нууцлалын зарчмыг сайтар хангаж,цахим санал хураалтыг нэвтрүүлэх нөхцөл, боломж, шийдлийн талаар хийсэн судалгаа, гаргасан санал, дүгнэлтийг Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хуралд хүргүүлсэн байгаа. Дэлхийн бусад орны сайн туршлагыг судалж, ОХУ, АНУ, БНСУ-д очиж ажилласан. Цахим санал хураалтыг амжилттай хэрэгжүүлж байгаа Эстони улсын туршлагыг сонирхож байгаагаа илэрхийлэв.

Дэлхийн улс орнуудаас цахим санал хураалтыг үндэсний хэмжээнд бүрэн дүүрэн амжилттай нэвтрүүлж, бүх сонгогчдодоо боломж олгосон цорын ганц улс нь Эстони юм. Тус улс дижитал шилжилтийг 20 жилийн өмнө амжилттай нэвтрүүлсэн төдийгүй манай улсын “е-Mongolia” системийг хөгжүүлэх эхлэлийг тавихад дэмжлэг үзүүлжээ. Дэлхийн 130 гаруй улс, 230 гаруй байгууллагатай хамтын ажиллагаатай Эстонийн цахим засаглалын академийн гүйцэтгэх захирал, ноён Ханнес Асток Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо интернэт санал хураалтын талаар судалгааны ажил эхлүүлж байгаа нь маш зүйтэй, цаг үеэ олсон асуудал гэдгийг онцлоод хамтран ажиллахад татгалзах зүйлгүй, өөрийн орны туршлагаас хуваалцахад бэлэн гэдгээ хэлсэн юм.

Ийнхүү уулзалтын үр дүнд талууд сонгуулийн үйл ажиллагаанд цахим санал хураалтыг нэвтрүүлсэн сайн туршлагын талаар мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллахаар боллоо.