ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Таван нам нөхөн сонгуульд оролцох саналаа хүргүүлжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-07

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль  аравдугаар сарын 7-нд болно. Энэхүү нөхөн сонгуульд оролцохоо намууд албан ёсоор мэдэгдсээр байна.

Тодруулбал, Ардчилсан нам, МАХН, ХҮН, Дэлхийн Монголчууд нам, Үнэн ба Зөв нам Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу сонгуульд оролцох тухай шийдвэрээ бусад баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлжээ.

Нам, эвслүүд сонгуульд оролцох тухай хүсэлтээ хуульд заасан хугацаанд буюу 2018 оны наймдугаар сарын 8-ны өдрөөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой юм.

Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж буй бөгөөд сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан тэднийг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажээ.