ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Эмэгтэйчүүдийн 75.9 хувь нь цалин багатай салбарт ажилладаг

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-08-19

УИХ-ын 13 эмэгтэй гишүүн "Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг санаачлан, боловсруулж УИХ-ын даргад өргөн барилаа.

Үндэсний статистикийн хорооноос 2020 онд хийсэн судалгааны тайланд “Ажиллах хүчнээс гадуур байгаа нийт хүн амын 39.3 хувь нь эрэгтэйчүүд, 60.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдээс хөлсгүй хөдөлмөрт 2.6 дахин илүү хугацааг буюу 273 минут зарцуулж байна гэжээ. Эмэгтэйчүүд хүүхэд харах, гэрийн ажил хийх, өндөр настан, өвчтэй хүн асрах, эрт тэтгэвэрт гарах зэрэг нь хөдөлмөрийн зах зээлээс гарах шалтгаан болсон гэж үзжээ. Үүнээс шалтгаалан эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дунд орлого, хөрөнгийн эзэмшлийн зөрүү үүсдэг байна.

Эмэгтэйчүүд цалин, орлого багатай, барьцаа хөрөнгөгүй байдаг нь зээлд хамрагдаж чадахгүй шалтгаан нөхцөл болдог байна. Хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн 75.9 хувь нь цалин орлого багатай худалдаа, үйлчилгээний салбар ажиллаж байна.

"Энэ хуулийн төсөл нь зөвхөн эмэгтэйчүүдийн аж ахуй эрхлэлтийг дэмжиж байгаа хэрэг огтхон ч биш харин дээр дурдсан шалтгаануудаар аж ахуй эрхлэлтийн хувьд төрийн дэмжлэгийн гадна орхигдоод байгаа эмэгтэйчүүдээ хамруулах, улс эх орныхоо эдийн засагт эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх, бататгах, хөгжүүлэх - хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа юм" хэмээн хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл онцлов.