"Мон лаа" компани Төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр байгуулах төслөөр Хөгжлийн банкнаас 5.6 тэрбумын зээл авсан аж. Тэрхүү мөнгөө Өвөрмонголын Хөдөө аж ахуйн банкаар дамжуулан Хятадын "Шу гуан жиа гун" компани руу шилжүүлээд сураг алдарчээ. Тус компаний захирал Х.Энхсайханыг өнөөдрийн Хяналтын сонсголд дуудсан ч хуралд ирээгүй аж. Энэ компанид зээл өгөх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан гэх асуудлаар Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийг гэрчээр дууджээ.
Сайд асан Д.Ганхуяг уг зээлийн асуудлыг тайлбарлахдаа "Бондын зөвлөл байгуулагдаж байсан. Дөрвөн компанид бид зээл олгохыг дэмжсэн. Би энэ асуудлаар АТГ-т мэдээлэл өгч байгаа. Мон лаагаас гадна Монголросцветмент мөн өр зээлтэй байсан учраас бид зээлээ төлөөд үйл ажиллагаа нь хэвийн яваасай гэж зээл өгсөн хэрэг.
Мөн коксжих нүүрсээ ган хийц болгоосой гэж дөрвөн зээл дэмжсэн. Хөгжлийн банк руу утасдах зэргээр юу ч хийгээгүй. Засгийн газрын хуралдаанаар оруулсан нь яамнаас оруулж ирсэн учраас танилцуулах нь бидний үүрэг байсан" хэмээлээ. Гэвч тус компанийн зээл 2017 онд дууссан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд чанаргүй зээлийн ангилалд орж, эргэн төлөлт нь 7.6 тэрбумд хүрчээ.
Шинжээч: Төмрийн үйлдвэрийг нойтон аргаар гаргаж авах төсөлд зээл авсан. Нийт 5.64 тэрбум төгрөг зээл олгосон. Одоогоор нийтдээ 5.16 тэрбум, зээлийн хүү 2.16 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Гэрч УУХҮ-ийн сайд асан Д.Ганхуяг: Тухайн үед 880 төслийг хэрэгжүүлж байсан. Уул уурхайн салбарт импорт, экспортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжсэн. Тухайн үед 3-4 компани байсан. Харин үүнд "Мон лаа" ХХК орсон юм. Энэ талаар би АТГ-т очиж мэдүүлэг өгч байсан. Тэр үед Засгийн газарт танилцуулаад, Хөгжлийн банкнаас зээл олгосон. Төслийг нь Засгийн газарт танилцуулснаас өөр зүйл байхгүй.
Хуульзүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр: ТЭЗҮ эцсийн байдлаар байхгүй. Тоног төхөөрөмж техникийн гарал үүслийн гэрчилгээ авах гэж тусгасан байна.
Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар: Олон жилийн өмнөх асуудал шүү дээ. Би санахгүй байна. Засгийн газрын тогтоолыг Хөгжлийн банкны захирал шийдвэр гаргадаг. Эцсийн шийдвэрийг ТУЗ гаргадаг.